Дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авах чанар стандарт хангасан барааны жагсаалтыг 2015 онд тогтоолыг баталж, 2019-нд хавсралтын жагсаалтыг шинэчлэн баталсан байдаг. Энэ жагсаалтад орсон барааг төрийн урсгал зардлаар худалдаж авах боломжтой гэсэн үг.  Гэтэл энэ ажил бараг явахгүй байна.

Цар тахлын улмаас хүнд цохилтод орсон энэ хүнд цаг үед үндэсний үйлдвэрлэгчдээ тулж түшье л гэвэл төрийн худалдан авалтаар л дэмжихийг үйлдвэрлэгчид хүсэж байна. Энэ талаар "Маяара трейд" ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Азжаргалтай ярилцлаа.


-Төрийн худалдан авалтын талаарх мэдээлэл бүрхэг гэж нэлээд шүүмжилдэг. Үйлдвэрлэгчдэд төрөөс зарлаж буй тендерийн талаарх мэдээлэл авах боломж хэр байдаг вэ?

-www.tender.gov.mn сайтад улсын хэмжээнд зарлаж буй бүх төрийн худалдан авалт буюу тендерийн урилгыг нийтэлдэг. Гэхдээ тухайн оны улсын төсвийн тухай хууль батлахтай зэрэгцээд урсгал зардлаар юу худалдан авах нь ил тод, нээлттэй болох, түүнийгээ нийтлэх нь чухал.

Төрийн худалдан авалтын урсгал зардлаар авах барааны мөнгөн дүн, төсөв маш том дүнтэй. Гэтэл тэр урсгал зардал гээд батлуулчихдаг юм. Тэр урсгал зардал гээд байгаа зүйл нь саван эсвэл ажлын хувцас ер нь юу ч байж болдог нь сонин шүү. Ийм бүрхэг байхаар мэдээлэл яаж хүрэх вэ дээ.

Улсын төсвөөр санхүүждэг бүх яам, агентлаг, төрийн өмчит компаниуд оны эхэнд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө батлаад дээрх сайтад нийтлэх учиртай. Бүгд төлөвлөгөөгөө баталж, худалдан авалтаа хийх ёстой. Гэхдээ тэд шаардлагаа эрт тодорхой болгож, тендерээ зөв багцлах, техникийн тодорхойлолтоо үндэсний үйлдвэрийн стандарттайгаа уялдуулах гээд олон зүйлс яригдана. Яагаад гэвэл энэ бүрхэг ойлголтоос болж үйлдвэрлэгчид тендерт оролцож чаддаггүй. Магадгүй ард нь ашиг сонирхол байдаг болов уу.


Хүмүүсийн сайн мэддэг тендерийн хуульд “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно.”, үндэсний үйлдвэрлэлийг та бүхэн дэмжиж ажиллах ёстой шүү гээд хуулиараа зааж өгөөд байхад өнөөдөр төрийн байгууллагууд энийг хэрэгжүүлж ажиллахгүй байна. 


-Үүн дээр хяналт тавьдаг газар бий юу?

-Шуудхан хэлэхэд хяналт тавьдаг ч байгууллага алга. Уг нь жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж ажиллах ёстой байгууллага болох ХХААХҮЯ нь нэгэнт л Засгийн газрын тогтоолоор жагсаалтыг нь батлуулж байгаа юм бол дотоодоос авдаг барааны тендерүүдэд ЖДҮ нарын оролцоо хэр байгаа талаар тоо судалгаа гаргаад энэ жагсаалт нь хэрэгжиж буй эсэхээ хянадаг баймаар сан.

Монгол улсын 2021 оны төсвийн тухай хууль батлагдаад 2 сар болж байна. Гэтэл энэ сайтад 2021 онд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөгөө нийтэлсэн байгууллага цөөхөн байна. Тэр дундаа үндэсний үйлдвэрлэгч нар би энэ тендерүүдээс алинд нь оролцох боломжтой гэдгээ шууд харах боломж хомс байна.


-Магадгүй дотоодын үйлдвэрлэгчдээсээ худалдан авалт хийх сонирхолгүй, магадгүй тендерийн шахаа хийх сонирхол байна уу?

-Ер нь тухайн яам, захиалагч, хувьцаат компаниуд дотоодоосоо авах сонирхолгүй юм шиг ажиглагддаг. Ашиг сонирхолтой төрийн албан хаагч, үнэлгээний хорооныхон таньдаг хүнийхээ гадаадаас оруулж ирдэг бүтээгдэхүүний стандартыг тавьчихдаг нь нууц биш шүү дээ.

Техникийн тодорхойлолтыг санаатай болон санамсаргүй байдлаар янз бүр л хийдэг байх гэж хардаг. Зарим тохиолдолд тухайн төрийн албан хаагч буюу үнэлгээний хорооны нарийн бичиг стандартаа мэдэхгүйгээр гаргасны гайгаар үндэсний үйлдвэрлэгчид тэр ч чигээрээ тендерт орж чаддаггүй. 

Үндсэндээ Монголд байдаггүй стандарт дээр бүгд бүдэрдэг гэсэн үг. Тэгэхээр энэ ажлыг анхнаас нь урсгал зардлаараа юу авах гээд байгаагаа ил тод болгомоор байна. Ямар стандартын бараа бүтээгдэхүүн авах тухай мэдээллээ боловсруулахдаа мэргэжлийн холбоодтой хамтраад, үйлдвэрлэгчидтэйгээ уялдаатай техникийн тодорхойлолт гаргамаар байна. Энэ нь хамгийн чухал байна.

Бас нэг асуудал нь тендерийг анхнаасаа зөв багцалдаггүй. Үүний маш тод жишээ бол Эрдэнэ үйлдвэр болон бусад төрийн өмчит компаниуд. 

Ажлын хувцас, саван авна гэчхээд доторх багцанд нь хүрз, цэцэг гэдэг ч юм уу төрөл бүрийн зүйлсийг багцлаад багтаачихдаг.  Тэгсэн хэрнээ багцынхаа нэрийг ажилчдын гарын саван авах гээд шал өөрөөр нэрлэчихдэг юм билээ.

Анхнаасаа зөв нэрлэх, багцлах нь үйлдвэрлэгчдийг тендерт орох боломжоор нь хангах хамгийн чухал алхам шүү дээ. Гэхдээ дандаа муулаад баймааргүй байна. Тендер цахим болсон нь маш том дэвшил. Одоо улам нь шилэн, задаргаатай, зөв багцлал, техникийн тодорхойлолт, жишиг баримт бичигтэй болох хэрэгтэй.

Цаашид урсгал зардлаар дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төсвийн байгууллагууд худалдан авдаг,  нээлттэй тендер шалгаруулалт, шууд гэрээ байгуулах, харьцуулалтын арга, ерөнхий гэрээ байгуулах гээд олон аргуудаа аль аль түвшинд нь хэрэгжүүлмээр байна.


-Урсгал зардал гэсэн нэрийн дор худалдан авалтууд анзаарагдахгүй өнгөрдөг байх нь ээ?

-Урсгал зардал гэсэн нэрийн ард үйлдвэрлэгчдийг мэдээллээр хааж боодог арга барилаа халах цаг нь болсон. Мэдээлэл гэдэг нь оролцох тэгш боломж гэсэн үг шүү. 

Энэ тал дээр Сангийн яам, Төрийн худалдан авах газар анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Хуулинд дотоодод үйлдвэрлэсэн барааг гаднаас худалдан авахыг хориглосон байдаг. Даанч хуулиа төрийн байгууллага бүх шатандаа хэрэгжүүлэхгүй байна.  Яг үнэндээ урсгал зардал нэрийн дор жижиг ажлуудаа тэрүүхэндээ зохицуулчихаад байгаа нь нууц биш.


-ЖДҮ нарыг дэмжсэн зүйл хуулийн заалтууд цөөнгүй. Амьдрал дээр үйлдвэрлэгч нарт өгөөжтэй байж чадаж байна уу

-2019 онд баталсан Үндэсний дэд хөтөлбөрийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр байна. Энд ЖДҮ мөн бол шууд худалдан авалт хийнэ гэж заасан байгаа. Гэхдээ ЖДҮ мөн гэдгийг А5 цаас дээр бичсэн тодорхойлолтоор батлах нь өөрөө өрөөсгөл. Хятадад үйлдвэрлэж оруулж ирсэн бүтээгдэхүүндээ шошго хадаад, сав баглааг нь өөрчлөөд ЖДҮ нэрээр бараагаа шахдаг лоббитой компаниуд ч байна. 

Тэгэхээр сууриар нь цэгцлэх хэрэгтэй. Миний мэдхээр биднээс шууд худалдан авалт хийгээд байсныг санахгүй байна. Миний дүгнэлт бол энэ баталсан тогтоол, журам хэрэгжихгүй байна. Хэрэгжиж байгаа бол эрх бүхий албан тушаалаа ашиглаж байгаа хүмүүс л ашиглаж байгаа байх.



-Зориудаар будлиантуулж, үйлдвэрлэгчдээс мэдээллийг нууцалдаг юм шиг ойлгогдож байна. Өөрөө энэ төрлийн тендерт орж байсан уу?

-Хэд хэдэн төрлийн тендерт орж байсан. Гэхдээ нэг ч шалгарч байгаагүй. Би бэлдсэн материалаараа шалгаруулалтад унаж үзээгүй. Бусад үйлдвэрлэгч нар бас л ийм зовлон ярьдаг юм. Үнийн санал, аар саар шалтгаар л өнөө хэдэн үйлдвэрлэгчдийгээ унагачихдаг. Бас л тендерийн шалгаруулалтын ойлгомжгүй байдал төвөг уддаг. Жишээ нь дээж ирүүлэхгүй байж болно гээд заачихсан байдаг. Цаг тулчихсан юм чинь гээд дээж ирүүлээгүй гэдэг ч юм уу янз бүрийн шалтгаанаар унагах шалтгаан олон бий. 


-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэхээрээ томоохон компаниуд л монополддог тал анзаарагддаг. Ийм зүйл анзаарагддаг уу?

-Төрийн худалдан авалтыг томоохон үйлдвэрлэгчээс авна гэхээр ард нь лобби явагддаг нь нууц биш. Тиймээс кластер буюу бизнес эрхлэгчид түншлэл хэлбэрээр тендерт оролцох хэрэгтэй. Магадгүй ковид биднийг амь нэгтэй бай, нэгдэцгээ гээд байгаа ч юм билүү. Үүнийг ч бид мэдэрч байна. 

Үндэсний үйлдвэрлэгчид, нэг салбарынхан хоорондоо өрсөлдөх биш, кластержиж импортын бараатай өрсөлддөг, хоорондоо түншилж том захиалга авдаг байх ёстой болчихлоо. Төрийг дагасан бүх газруудад л үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого баримталмаар байна. Гэхдээ гагцхүү түншилж кластер хэлбэрээр оролц гэсэн шалгуур тавьж болно. Ингэж байж л хамтдаа өсөж хөгжинө, ганц том үйлдвэр л бүхнийг аваад байх нь шударга бус шүү дээ.



-Цар тахалтай холбоотойгоор таны ажиллаж буй оёдлын салбарт хямрал хэр хүнд тусаж байна вэ?

-Яг үнэндээ ЖДҮ чинь үнэхээр хэцүү хүнд байдалд байна. Азийн хэмжээнд ЖДҮ-лэгчид нийт ажлын байрны 60 хувийг бүрдүүлдэг. Гэтэл Монголын ажлын байрны 80 хувийг жижиг дунд бизнес эрхлэгчид үүрч яваа. Энэ тооны ард олон иргэдийн амьдрал яригдана. 

Гаальтай холбоотой асуудлаас хамаараад түүхий эдийн хомсдол үүсэх, чанар стандарт өөрчлөгдөх гээд маш олон сөрөг үр дагавар байна. Иргэд мөнгөгүй, эхнээсээ асуудал хүндэрч байна. Энэ хүнд үед Засгийн газраас бизнесүүдээ бодсон төлөвлөгөө огтхон ч гаргасангүй.

Ядаж л төрийн худалдан авалтаараа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээч ээ гэж хүсмээр байна. Ажиллаж байгаа уул уурхай гэх мэт салбарууд ариутгал, саван, хувцас, хоол хүнснийхээ худалдан авалтаараа дэмжээд өгөөч гэж хүсмээр байна.

2021 оны Улсын төсвийн тухай хуульд ямар ч хэрэггүй ажлуудыг их тусгажээ. Төсвийн тодотгол хийх нэн шаардлагатай. Дараа жил эсвэл 2 дараалан баригдах аймгийн эсвэл соёлын төв, спортын ордон өнөөдөр бидэнд хэрэггүй. Энэ хүнд үед үйлдвэрлэгчид сөхрөх гээд байна шүү дээ.

 Нөхцөл байдал ковидоос болж өөрчлөгдөж байхад иймэрхүү ажилд төсөв гаргаад байгааг үйлдвэрлэгчид бид гайхаж байна. Улс төрчид үйлдвэрлэлийг дэмжиж, улс орны ирээдүйг том зургаар харах бус дараагийн сонгуульд ийм зүйл хийсэн гэж хэлж сонгогдох дээрээ л төвлөрдөг. Тэгээгүй юм бол улсын төсөв батлахад л эдийн засгийн төсөөлөл бүүдгэр байх нь ойлгомжтой л байсан шүү дээ. 


-ЖДҮ-члэгдэд дулаан, цахилгаан, ус, хогны мөнгийг чөлөөлсөн нь жижиг дунд ААН-үүдэд хэр нааштай тусав?

-Цар тахлын хязгаарлалтаас хамааран ажиллаж байгаа үйлдвэр, томоохон обьекттэй барилга, заалтай газруудад энэ шийдвэр маш том боломж болсон болов уу.  Харин эсрэгээрээ бид нар шиг 5-10 дээд тал нь 50 хүн ажиллуулдаг жижиг үйлдввэрт айхтар дэмжлэг болж чадахгүй. Ямар ч орлого олох боломжгүй, хаачихсан газрууд шүү дээ. Дулааны төлбөрийн хөнгөлөлт л багахан дэмжлэг болж байна.