Э.Бат-Үүл: Би монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр гэм хийгээгүй

Л.Дэлгэрмаа
02 сарын 04, 2021

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр С.Зориг агсны хөшөөний дэргэд мэдээлэл хийлээ.

Тэрээр "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэсэн, худал мэдээлэл тарааж байгаа тул үүний эсрэг 5 зүйл хэлье.

1. Шүүх хурал хойшлуулах болсон шалтгаан нь бусад шүүгдэгчийн хоёр өмгөөлөгч цар тахлын хорионд орсон. Мөн нэг өмгөөлөгчийн ар гэрт, гэнэтийн гачигдал гарсан гэх зэргээс шалтгаалан шүүх хуралд орох боломжгүй болсон нь шүүх хурлыг хойшлуулах шалтгаан болсон гэж би ойлгож байна.

2. Дэлхий даяар  цар тахлын улмаас сүүлийн  хоёр жилийн турш хөл хорионд орсон. Шүүгдэгч надад шүүх хурлыг хойшлуулах зорилгоор "коронавирус" гэх өвчнийг тараах төлөвлөгөө байгаагүй. Миний нуруу хугарч, хэвтрийн дэглэм барих шаардлага үүссэн. Мөн төлөвлөгөөтэй нуруугаа хугалаагүй. Харин шүүх хурал хойшлох явдлыг сунжруулахгүйн тулд эмчилгээний горимыг зөрчиж шүүх хуралдаа ирж, оролцож байсан.

3. Намайг бүлэг гэмт хэрэгт холбогдуулахын тулд гэмгүй олон иргэнийг яллагдагчаар татсан. Энэ олон хүнийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, хорио цээрийн дэглэмийн шаардлагад нийцүүлэн шүүх ажиллагаа явуулах зэрэг нь амаргүй ажил юм билээ. Гэхдээ би аль болох цаг алдалгүй шударга ёс тогтоохыг хүсэж, хэрэг хянан шийдэх үйл ажиллагаанд саад учруулаагүй ирсэн. Одоо ч шүүх хурлыг яаралтай хийх хүсэлтэй байна

4. Хэрэг хянан шийдвэрлэх явцын туршид намайг гэм буруутай мэтээр олон түмний тархийг угаах үйл  ажиллагааг Авилгатай тэмцэх газар, прокурорын зүгээс үргэлж явуулж ирсэн. Энэ үйл ажиллагааны үргэлжлэл нь А.Золзаяа прокурорын хардлага гэж би үзэж байна. 

АТГ, прокурор олон түмний тархи угаахдаа, хавтаст хэргийг гуйвуулсан мэдээг удаа дараа тараасан. Шүүгдэгч бид нарыг хавтаст хэргийг чандлан нууцлахыг шаардаж, эс тэгвэл цагдан хорино гэж сүрдүүлдэг байсан. Ийм тэнцвэргүй байдлаас үүдэн намайг болон бусад гэмгүй хүмүүсийг буруутан мэт ойлгох хүн олон байна.

5. Ерөнхийлөгчийн сонгууль болон төрийн бусад үйл явц дөхөхөөр намайг элдэв хэрэгт холбогдуулан 30 жилийн турш гүтгэн доромжилж ирсэн. Хулгайч, алуурчин, оффшорчин гэх зэрэг надад холбогдуулаагүй хэрэг байдаггүй. Энэ байдал сүүлийн үед улам эрчимжсэн. Би монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр гэм хийгээгүй. 

Авлига гэх зүйл эх орныг сүйтгэдэг учраас би хэзээд хол явж ирсэн. Би А.Золзаяа прокурорыг шүүхэд өгнө. Мөн АТГ, прокурорын хэрээс хэтэрсэн үйл ажиллагааг тэвчиж чадахгүй. Тиймээс тэдний энэ бусармаг үйл ажиллагааг хэн зохион байгуулаад байгааг шалгуулахаар УИХ-д хандана"  хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

шүүххурал э.бат-үүл

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.