УИХ-ын 2020 оны сонгуультай холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр сонгуулийн дүнг танилцуулах байх. Сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар би УИХ, Ерөнхийлөгчид хандаж мэдээлэл хийж байна.

Сонгуулийн сурталчилгаа явагдаж байхад буюу зургаадугаар сарын 18-нд Да.Ганболд тэргүүтэй АН-аас нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр, шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Да.Ганболдын өмгөөлөгч н.Баяраагийн хэлснээр энэ нь Үндсэн хуулийг шүүхийн зүгээс ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон. 

Шүүхээс зургаадугаар сарын 15-нд Да.Ганболдын өмгөөлөгч н.Баяраатай холбогдсон байдаг. Улмаар Ганболдыг хаана явж байгааг асуусан, өмгөөлөгч нь сонгуулийнхаа ажлаар явж байгаа гэж хариулсан. Дуудах ёстой юу гэхээр нь сонгуулийн ажлаар явж байгаа юм бол дуудах шаардлагагүй гэж шүүхийн зүгээс хэлсэн байна. Гэтэл ингэж хэлэнгүүтээ тус өдрөө 10 тэрбум төгрөгийн барьцаа өгөх ёстой гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан. Улмаар зургаадугар сарын 15-нд тойрогтоо явж байхад нь барьцаа өгсөнгүй гэж хэлээд 18-нд шууд цагдан хорьсон.

Өөрөөр хэлбэл, сонгуульдаа явж бай гэж хэлчихээд, байхгүйд нь барьцаа нэхээд, барьцаа өгсөнгүй гэж цагдан хорьсон. Улмаар сонгуулийн дүн гартал буюу өнөөдрийг хүртэл Да.Ганболд тэргүүтэй 6 нэр дэвшигчийг цагдан хорьсон хэвээр байна.

Энэ бол шүүх институцийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийг маш ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон. 

Цагдан хорих бол Сонгуулийн ерөнхий хорооноос заавал зөвшөөрөл авах ёстой. Аваагүй. Тэднийг дэмжиж байсан ч цагдан хоригдчихоор нь өөр хүнд саналаа өгчихсөн гэж буй хүн олон байна. Ингэж хуулийг уландаа гишгэж, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж сонгууль явагдсан.

Одоо Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс УИХ, Ерөнхийлөгчид сонгуулийн дүнг өргөн мэдүүлэх ёстой. Тус мэдээлэлдээ энэ тухай заавал оруулах ёстой гэдгийг би Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд хэлсэн. 

Ерөнхийлөгч, УИХ сонгуулийн дүнг хэлэлцэхдээ нэр дэвшигчдийг хууль бусаар цагдан хорьж байгаад сонгууль явуулсан энэ асуудлыг заавал хэлэлцэж, хууль зөрчиж шийдвэр гаргасан шүүгч нарт хариуцлага тооцох ёстой" хэмээлээ.