"Экономист" сэтгүүл "Дэлхий 2019 онд" дугаараа гаргажээ.  2019 онд эдийн засгийн өсөлтөөр тэргүүлэх 10 орны тоонд Монгол багтсан байна. 

Жагсаалтыг Сири 9.9 хувийн өсөлтөөр тэргүүлсэн бол араас нь Бангладеш 7.7, Энэтхэг 7.6% 4. Бутан 7.4 хувиар удаалжээ. Харин манай улс Мянмартай ойролцоо буюу 6.8 хувийн өсөлттэй гарчээ.

Азийн хөгжлийн банкны /АХБ/ хувьд ч манай улсын ирэх жилийн төсвийг өөдрөгөөр харж буйг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Гэхдээ монголын экспортын салбар бүтээгдэхүүн болон экспортын зах зээлийн хувьд хэт төвлөрсөн байдалтай байгааг ч дурьдлаа.Өмнөх оны тооцоолж байсан 4-6 хувийн өсөлтийг ахиулсан дээрх үзүүлэлтэд нүүрсний экспорт өссөн, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлсэн, иргэдийн (өрхийн) зээл олголт нэмэгдэж хэрэглээ өссөн зэрэг нь нөлөөлж буйг АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий танилцууллаа.

Мөн манай улс ижил төстэй орнуудтай харьцуулахад эдийн засгаа бага төрөлжүүлсэн болохыг судалгаа баталж байна. Экспортод түшиглэсэн өсөлтийн хөдөлгөгч хүч нь төрөлжүүлэлт бөгөөд энэ нь жижиг эдийн засагтай орнуудад өсөлт авчирах цорын ганц эх үүсвэр байж болох талаар шинжээчид онцолж буй. Гэхдээ энэ нь цаг хугацаа шаарддаг ажил, тиймээс 4-5 жилийн хугацаанд амжуулахаар төлөвлөж болохгүй. Богино хугацаанд том амжилт авчирах нүсэр мэдэгдлээс зайлсхийх хэрэгтэй гэв.