(1960-2022)

Бидний хайртай хүү, аав, ах, дүү, анд нөхөр Ишдоржийн Зориг нь 2022 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

И.Зориг нь 1960 онд Улаанбаатар хотод С.Ишдоржийн отгон хүү болон мэндэлжээ. Тэрбээр нийслэлийн лаборатори 1 дүгээр дунд сургууль, ЗХУ-ын Новосибирск хотын Холбооны дээд сургуульд автомат цахилгаан холбооны инженер, Удирдлагын академид тус тус суралцаж төгссөн байна.

И.Зориг нь 1984-1986 онд Холбооны цэргийн 083 дугаар ангид цэргийн алба хааж, 1989 оныг хүртэл Холбооны яамны харьяа Телефон радио ашиглалтын хороо зэрэг байгууллагад ажиллаж байлаа. Харин 1990 оноос хэвлэлийн салбарт тасралтгүй 28 жил ажиллаж, тус салбарын хөгжлийг түүчээлэхэд өөрийн хөдөлмөр зүтгэл, ур чадвар, мэдлэг боловсролоо зориулсан эгэл нэгэн билээ.

Тэрбээр 1989 оны 12 дугаар сарын Монголын Ардчилсан Холбооны анхны цуглаанаас эхлээд ардчилсан хувьсгалын төлөөх улс төрийн өлсгөлөнд оролцогчдын үгийг зон олонд хүргэхэд идэвхийлэн зүтгэж, мөн Монголын Ардчилсан холбооны анхны сониныг гаргаж байсны зэрэгцээ Монгол Улс өндөр хэвлэлийн технологиос орчин үеийн оффсет хэвлэлийн технологид шилжих үйлсийн эхлэлийг тавьсан юм. Тэр дундаа Япон, АНУ зэрэг аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын оффсет хэвлэлийн технологийг эх орондоо нутагшуулсан билээ.

И.Зориг нь хөдөлмөрч хичээнгүй боловч албан тушаал, алдар нэр, гавьяа шагналын төлөө хэзээ ч явж байгаагүй зорьсон үйлсдээ чин сэтгэлээсээ зүтгэдэг шударга нэгэн байсан бөгөөд талийгаачийн маань эгэл даруу, цэвэрч нямбай, хичээнгүй, хөдөлмөрч, үнэнч шударга зан чанар, эх орноо гэсэн халуун сэтгэлийг үлдэж хоцорсон бид үеэс үедээ түгээхийг үргэлж хичээх болно.
 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Талийгаачийн ээж, үр хүүхэд, төрөл төрөгсөд