Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамнаас гурван хүүхдээ алдсан салбарынхаа ажилтанд албан ёсоор эмгэнэл илэрхийлжээ. Эмгэнэл гэсэн толгойтой ч уншвал эмгэнэл биш сайдын лүндэн бололтой. Яамнаас өгсөн үүрэг чиглэл, холбогдох албан тушаалтан, ажил үүргээ гүйцэтгэх чиглэл зэрэг нь өгүүлбэрийн ихэнхийг эзэлжээ.

Уншвал хүний эрхэнд, нийгмийн хүсэл шаардлагаар л уучлал гуйсан дүр үзүүлжээ гэж ойлгогдоно. Асуудлын шалтгаан нь хэний зөв эсвэл буруугаас үл хамааран салбарынхаа ажилтанд тохиолдсон уй гашууд зориулан хэдхэн чин сэтгэлийн үг холбож биччихэж чадахгүй байгаа яамдын түшмэл байгаа нь даанч харамсмаар. Академик боловсролтой, англи хэлтэй дэлхийн хүн ч яамай. Эхлээд хүн байх ухаанд суралцаагүй хүйтэн сэтгэлт түшмэлүүдийн дүр төрх иймэрхүү.

Уг нь эмгэнэл гэдэг нь тухайн гашуудал тохиолдолд гүн эмгэнэл харууслаа илэрхийлэхийг хэлдэг. Эмгэнэл гэдэг үгийг монгол хэлний журамласан толь бичигт "харуусал"  хэмээн тайлбарласнаас үзэхэд ойлгомжтой.

Агуулгын хувьд ийм дээрээ ахиад харвал үг үсгийн алдаа ч бас цөөнгүй. Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яаманд эмгэнэл бичиж мэддэг түшмэл байдаггүй юм уу эсвэл сэтгэл дутсаных уу гэдгийг хэлэхэд бэрх. Бодвол дарга даамлын ширээгээр дамжаад л олон нийтэд хүрдэг байж таарна. Элсэлтийн ерөнхий шалгалтад хүүхдүүд эх хэлнийхээ болзлыг хангахгүй байна хэмээн хатуурхдаг яамныхан энэ удаа өөрсдийнхөө бичгийн ур чадварыг ямар болохыг харуулав.