Х.Оргил
07 сарын 05, 2019
Монгол Улсын баатар, ахмад дайчин, хурандаа П.Шагдарсүрэн 101 насандаа таалал төгслөө.
П.Шагдарсүрэн 1918 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянбараат суманд төрж, 1930-1936 онд бага, дунд сургууль, 1937-1939 онд Цэргийн Ерөнхий сургууль, 1948-1953 онд Зөвлөлт Холбоот Улсын Олон Улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн, орос, англи хэлний мэдлэгтэй, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хүндтэй дипломатч байсан юм.
Тэрбээр 1936 оноос ГХЯ болон түүний системийн байгууллага, нам төрийн өндөр дээд албыг хашиж, төрд тасралтгүй 52 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд 1936-1937 онд “Монгол Тээх”-д данс хөтлөгч, 1937-1939 онд цэргийн алба хааж, 1939 онд Тамсагийн 6-р дивизийн 17-р морьт хорооны штабын дарга, 1939-1948 онд Ерөнхий сайдын тусгай хэрэг эрхлэгч, нарийн бичгийн дарга, Дотоод хэрэг эрхэлсэн туслагч, 1953-1955 онд Гадаад явдлын яамны Европын хэлтсийн эрхлэгчийн орлогч, Протоколын хэлтсийн эрхлэгч, 1955-1956 онд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад, 1956-1958 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар, 1958-1963 онд Гадаад явдлын яамны Орлогч сайд, Сайд, 1963-1971 онд Намын төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, 1971-1974 онд Бүгд Найрамдах Унгар Ард Улсад, 1974-1978 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад, 1978-1981 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсад, 1981-1982 онд Бүгд Найрамдах Ардчилсан Афганистан Улсад, 1982-1986 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар, 1987 онд өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ Гадаад явдлын яамны Намын хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байв.
Тэрбээр 1939 оны Халх голд өрнөсөн Японы милитаристуудын эсрэг эх орноо хамгаалах дайнд оролцож, онцгой гавьяа байгуулсан ахмад дайчин байсан билээ.
Талийгаачийн хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор 2 удаа, Байлдааны медаль, Халх голын тэмдэг, Бид ялав медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон, Халх голын 30, 40 жил, Ардын хувьсгалын 25, 40, 50, 60, 70, 90 жилийн ойн медалиуд, Японыг ялсны 30, 50 жилийн ойн медаль, Ардын армийн 50 жилийн ойн медаль, Аюулаас хамгаалах байгууллагын 50 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн 50 жилийн ойн хүндэт медаль, БНМАУ-ын хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, БНМАУ-ын дипломат албаны 50 жилийн ойн жуух, Залуу үеийг хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан тэмдэг, Дэлхийн энх тайвны хөдөлгөөний 20 жилийн ойн медаль, “Найрамдал” медаль, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цол болон “Монгол Улсын Баатар” цол зэрэг төрийн өндөр, дээд шагналаар шагнасан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.