Эмнести: Дэлхийд хүний эрхийн “аюулт шинэ эрин” эхэлж байна

Peak.mn
04 сарын 24, 2026

Олон улсын хүний эрхийн байгууллага Amnesty International “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайландаа дэлхий даяар хүний эрхэд заналхийлсэн шинэ эрсдэл нэмэгдэж, “аюулт эрин” эхэлж байгааг анхаарууллаа.

144 орны нөхцөл байдлыг хамарсан уг тайланд хүчирхэг гүрнүүд, корпорациуд болон хүний эрхийн эсрэг хөдөлгөөнүүд олон улсын эрх зүй, хамтын ажиллагааны тогтолцоонд системтэйгээр дарамт үзүүлж байгааг дурджээ.

Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард “Дэлхий сорилттой мөчтэй нүүр тулж байна. Хууль бус дайн, эдийн засгийн дарамтаар ноёрхлоо тогтоох оролдлого нэмэгдэж байна” гэж мэдэгдсэн байна.

Олон улсын эрх зүй суларч байна

Тайланд дурдсанаар АНУ, ОХУ, Израил, Хятад зэрэг улсуудын үйлдэл олон улсын хариуцлагын механизм, ялангуяа Олон улсын Эрүүгийн шүүхийн үүргийг сулруулж буйг онцолжээ.

Мөн зэвсэгт мөргөлдөөн, хүний эрхийн зөрчил Афганистан, Иран, Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг бүс нутагт эрчимжиж, энгийн иргэдийн амь нас, эрх чөлөөнд ноцтой нөлөөлж байгааг тэмдэглэсэн байна.

Иргэний орон зай хумигдаж байна

2025 онд олон оронд жагсаал цуглаан, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах, эсэргүүцэгчдийг дарах явдал нэмэгдсэн байна.

Балба, Энэтхэг, Кени, АНУ зэрэг оронд жагсагчдыг баривчлах, хүч хэрэглэн тараах, зарим тохиолдолд шүүхээс гадуур цаазлах тохиолдол бүртгэгджээ. Мөн цахим цензур, тагнах технологийг ашиглан иргэдийн дуу хоолойг хязгаарлах хандлага өргөжсөн байна.

Монголд ч ижил хандлага ажиглагдав

Тайланд дурдсанаар Монгол Улсад иргэдийн үг хэлэх, жагсаал цуглаанд оролцох эрхийг хязгаарлах, байгаль хамгаалагч иргэдэд дарамт үзүүлэх, уул уурхайн төслүүдийн хүрээнд олон нийтийн оролцоо сул байх зэрэг асуудал ажиглагдсан байна.

Мөн шүүхийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой сорилтууд үргэлжилж байгааг онцолжээ.

Эсэргүүцэл нэмэгдэж байна

Гэсэн ч дэлхий даяар иргэдийн эсэргүүцэл, эв санааны нэгдэл нэмэгдэж буйг тайланд дурдсан байна.

Z үеийнхний оролцоотой хөдөлгөөнүүд 10 гаруй улсад өргөжиж, олон улсын түвшинд хүний эрхийг хамгаалах шаардлага улам тодорхой болжээ.

“Хүмүүс дуугарч байна. Энэ эрч хүчийг хадгалж, хүний эрхийг дэлхийн дэг журмын төвд буцаан байрлуулах шаардлагатай” хэмээн Агнес Калламард онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.