Б.Баясгалан
10 сарын 30, 2019
Мэргэжлийн хяналтын байгууллагаас аравдугаар сард зарим чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийв.
Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан уул уурхайн чиглэлээр хийсэн шалгалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "2019 оны 10 дугаар сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 3287 тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнээс ашигт малтмалын хайгуулын 1586, ашиглалтын 1701 тусгай зөвшөөрөл байна.
Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр энэ сард Сүхбаатар, Дорнод аймгуудад 70-80 хүний бүрэлдэхүүтэй мэргэжжлийн хяналтын байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт хийсэн.
Уул уурхайн чиглэлээр хийсэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтад нийт 72 аж ахуйн нэгжийг хамруулахад 1682 зөрчил илэрсэн. 230 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Улмаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага 71-ийг өгч, 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, 1.3 тэрбум төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийн арга хэмжээ авсан.
Дээрх шалгалтаар нийтлэг олон зөрчил илэрсэн.
Тухайлбал, геологи, уул уурхайн салбарын хөдөлмөрийн хэмжээнээс доогуур үндсэн цалинг тогтоон олгосноос нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлөх, нийгмийн даатгалын шимтгэлийн хуульд заасан хугацаанд нь төлдөггүй, НДШ-ийн хуримтлагдсан өрийг бүрэн барагдуулахгүй байх зэрэг зөрчил байна. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлдэг, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг, ажилтнуудыг илүү цагаар ажлуулчихаад илүү цагийн хөлс олгодоггүй, үндсэн цалин, шагнал урамшуулал олгох журмыг боловсруулж мөрдүүлээгүй, хөдөлмөрийн болон ил, далд уурхайн аюулгүй ажиллагааг зөрчсөн зөрчлүүд гарсан.
Хамгийн том зөрчил илрүүлсэн объект бол "ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК байгаа. Тус компанид нэг турбум төгрөгийн арга хэмжээ авсан.
Тус компани нь өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч ААН-д тэргүүн ээлжид давуу эрх олгодоггүй. Газрын тос олборлох ажиллагаатай холбоотой холбогдох бичиг баримтуудыг англи, хятад хэлээр хөрвүүлсэн байна. Энэ нь монгол хэлээр байх хуультай.
Хөрөнгө оруулалт, борлуулалттай холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээ санхүүгийн тайланд ил тод байна гэснийг зөрчиж, БНХАУ-д бүртгэлтэй "Bank of China"-гаар гүйлгээгээ хийдэг байна.
Мөн байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлэх, хайгуул ашиглалтын барилга байгууламжуудыг татан буулгах, баталгааны мөнгөн хөрөнгийг тухайн жил бүрийн төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны тусгай дансанд байршуулж байх ёстойг байршуулаагүй зэрэг зөрчил илэрсэн. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол болон гадаад ажилчдыг нийгмийн даатгалд хамруулдаггүй зөрчлүүд байна. Эдгээр зөрчил дээр 700 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан" гэдгийг хэллээ.
зөрчил мхег петрочайна дачин тамсаг хяналт шалгалт д.энхсайхан
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.