Аливаа улс орныг шинжлэх ухааны судалгаа-хөгжүүлэлт, инновацаа хэрхэн дэлгэрүүлж буйг гурван үзүүлэлтээр авч үздэг. Үүнд, нэг сая хүнд ногдож буй эрдэмтэн судлаачдын тоо, хоёрт, ДНБ-ээс шинжлэх ухаанд зарцуулж буй хувь хэмжээ, мөн хувийн хэвшилд оруулж буй судалгаа, шинжилгээ, инновацын зарцуулалт ордог байна.

Монгол Улс дээрх үзүүлэлтүүдээр нэг сая хүнд 400 хүрэхгүй эрдэмтэн судлаач ногдож, нийт 1200-1300 эрдэмтэн судлаач ажиллаж байгаа аж. Үүнийг ойролцоо хөгжилтэй, хөгжиж буй орнуудтай харьцуулбал Монгол Улс 3-4 дахин бага эрдэмтэн, судлаачтай нь харагдаж байна. 

Шинжлэх ухаанд ДНБ-ий 1 хувьтай тэнцэх хөрөнгө зарцуулахад буцаад эдийн засагт 1 хувийн өсөлт өгдөг шууд хамааралтай. Дээрх гурван үзүүлэлтийг хангах чиглэлд анхааран, сул талуудаа дээшлүүлэн ажиллаж чадвал Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтой юм. 

Монгол Улс 2012 онд Инновацын тухай хуулийг баталж, 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хууль эрх зүй хангагдсанаар Монгол Улс дэлхийд инновацын индексээр 17-18 байраар урагшилсан ч сүүлийн жилүүдэд 10 байраар хойшилжээ.

"Монголын инновацийн 7 хоног“ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй "Инновацийн түншлэл” форум дээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үг хэлэхдээ  "МҮХАҮТ-ын Бизнесийн орчны судалгааны дүнгээс харахад уул уурхай, мэдээллийн технологийн салбарт инновац нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага илүү өндөр гарсан бөгөөд уул уурхайн бус экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд инновацийг илүү нэвтрүүлсэн байна. 

Энэ нь бизнес-их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран инновацад суурилсан технологи боловсруулан нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн гаргах орон зай бийг харуулж байна.Энэ чиглэлийн инновацийн хамтын ажиллагааг өрнүүлэхэд хууль эрх зүй, бодлогын таатай, тогтвортой орчин, төрөөс үзүүлэх урт хугацааны, үр дүнд чиглэсэн дэмжлэг чухал хөшүүрэг болно" гэв. 

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалангийн мэдээлснээр, Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан “Дэлхийн инновацийн индекс 2022”-д Монгол Улс нийт 132 орноос 71-т эрэмбэлэгджээ. Тэрбээр “МҮХАҮТ төсөл, хөтөлбөр болон кластераар дамжуулан инноваци шингэсэн бүтээгдэхүүн, хөгжүүлэлтийг дэмжсэнээр ирсэн. Мөн түүнчлэн, инновацийн таатай орчин бүрдүүлэхэд Засгийн газар-ИХ сургууль-Аж үйлдвэр гэх гурав институтийн хамтын ажиллагаа чухал” гэлээ.  

“Инновацын түншлэл форум-2023”-оор инновацын 7 хоног орон даяар эхэлж, Монголд IT-ийн салбарын гадаад, дотоодын төлөөлөл оролцсон томоохон форум зохион байгуулж, мэдээллийн технологийн салбарынхны хамгийн том цугларалт болж буй бөгөөд инновац шингээсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарав. 

Монгол Улсаас өнөөдрийн байдлаар экспортод гарч буй инновацын олон бүтээгдэхүүн бий ажээ. Тухайлбал, “Монпеллетс” компани Герман улс, АНУ-д хонины ноосон бордоогоо экспортлон, гадаад дахь зах зээлээ тэлсэн байна. Мөн “STS foods” дотоодын хэрэглэгч нарт хэдийнэ танил болоод буй үхрийн булууны “Янзтай” ясны шөлөө анх удаа экспортлох гэж байгаа аж. Үүнээс гадна “Ehlel” брэндийн цахилгаан хэрэгсэл зэргийг дурдаж болох юм. 

Үзэсгэлэнгийн үеэр мөн ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн дэргэдэх “Гарааны био увидас” компани байгальд ээлтэй хөрс бэлтгэж, Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг боловсруулж буй технологийн шийдлээ, “Sevshee” компани үндэсний инженерүүдийн бүтээсэн, дотооддоо агаар сэлгэгч аппаратур үйлдвэрлэж байгаа зэргээ тус тус танилцуулав. 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын мэдээлснээр, энэхүү форумд салбарын үндэстэн дамнасан 10-аад компани, дотоодын 150 байгууллага, аж ахуйн нэгж, компани оролцож, инновацын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж, хамтран ажиллах болон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулах юм байна. 

Н.Учрал “Монгол Улс гаргасан хуулийн хэрэгжилт дээр, эрдэмтэн, судлаачид болон инновацын бизнесийн гарааны компаниудын оролцоог хангах тал дээр төр-хувийн хэвшлийн түншлэл сайнгүй, тэдний бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгааг хэллээ.