Сармис хэрэглэх нь зарим төрлийн хавдар, зүрх судасны өвчин болон хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчин даамжрах эрсдэлийг бууруулдаг болохыг Их Британийн Ноттингемийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Судалгааны ажлын дүнг “Trends in Pharmacological Sciences” сэтгүүлд нийтэлсэн байна.

Сармисны хүхэр агуулдаг бодис нь эд, эсүүд дэх хийн төлөвийн бодисын дохиоллын молекулуудын тоог өөрчилж чаддаг гэнэ.

Бэлтгэн боловсруулах байдлаас нь хамаарч сармисны үзүүлэх нөлөө харилцан адилгүй байдаг учир ямар байдлаар бэлтгэх нь хамгийн үр дүнтэй байх талаар эрдэмтэд нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй аж.  

"Энэ салбарт өвчний эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийг сайжруулах арга замуудыг хайж олох асар том талбар бий. Гэсэн хэдий ч энэхүү хүхрийн агууламжууд нь бодисын солилцоонд яаж хувирч өөрчлөгддөг нь бидний хувьд асуулт хэвээр байна” гэж тус судалгааны багийн гишүүн Питер Роуз “The Independent” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг