Эрдоган: Бүхэл үндэстнээрээ, 85 саяулаа яллаа

Д.ЭРДЭНЭТУЯА
05 сарын 29, 2023

Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өнгөрсөн Ням гарагт болж, одоогийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган ялалт байгуулав. Тэр ийнхүү тав дахь удаагаа тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдож, гурав дахь арваныхаа засаглалыг эхлүүлж буй юм.

Туркийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ахмет Йенерийн мэдээлснээр, саналын хайрцгуудын 99.43 хувийг задалсны дараах байдлаар Эрдоган сонгогчдын 52.14 хувь, өрсөлдөгч Кемал Киличдароглу 47.86 хувийн санал тус тус авчээ. Мөн тэрбээр өрсөлдөгчдийн хооронд хоёр сая гаруй саналын зөрүү байгаа нь үлдсэн хайрцгуудыг нээсэн ч үр дүнд нөлөөлөхгүйг мэдэгдсэн байна. 

Тавдугаар сарын 14-нд болсон эхний шатны санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч 50-аас дээш хувийн санал аваагүй тул хоёр дахь шатны санал хураалт гол хоёр өрсөлдөгчийн дунд зохион байгуулагдсан юм.

Истанбул хотод болсон цуглааны үеэр Эрдоган “Ирэх таван жилийн хугацаанд бид улс орныг удирдахаар боллоо. Бурхны тааллаар бид та бүхний итгэлийг хүлээлээ. Дахин улс орныг удирдах боломж олгосон энэ улсын иргэн бүрд талархлаа илэрхийлье” гэж хэлжээ.

Анкара хотод Ерөнхийлөгчийн ордны гадна ирсэн Эрдоган “Бүхэл үндэстнээрээ, 85 саяулаа яллаа. Бид бүгд эвлэлдэн нэгдэх ёстой” гэж хэлээд, хамгийн түрүүнд инфляцыг буурлахаа амалсан байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн  хоёр дахь шатны санал хураалтад Эрдоган ялалт байгуулж буй мэдээлэл түгсэн Ням гарагийн орой Туркийн үндэсний валют лирийн ам.доллартай харьцах ханш унаж, шинэ доод түвшиндээ хүрчээ. Лирийн ханш энэ он гарсаар 6 хувь, сүүлийн арван жилийн хугацаанд 90 хувиар унасан байна.

Эрдоган 2017 онд бүх нийтийн санал хураалтаар бэлгэдлийн чанартай байсан ерөнхийлөгчийн албан тушаалыг улам хүчирхэг болгож, парламентын засаглалын эрх мэдлийг хязгаарлажээ.

CNN агентлаг “Эрдоганы ялалт Туркийн ард түмнийг хоёр хуваалаа” гэж мэдээлэв.

Эх сурвалж: REUTERS, CNN

Холбоотой сэдвүүд

тайип эрдоган эрдоган

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.