Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат өнөөдөр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхеймтэй уулзлаа.

Уулзалтын үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхейм “Монгол Улсын хувьд шийдвэрлэх гол асуудлуудын нэг нь агаар, орчны бохирдол. Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэлүүд эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр байгаль орчинд ээлтэй хандах хэрэгцээ байна. Дэлхийд БНХАУ, БНСУ, Япон Улс байгаль орчны технологиороо тэргүүлж байна. Эдгээр улсын хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, технологийг авч хэрэгжүүлэх нь Монгол Улсад ихээхэн ач холбогдолтой” гэдгийг онцлон хэллээ.

Үүний дараагаар Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат “Манай Засгийн газар агаар, орчны бохирдлыг шийдэхийн төлөө томоохон ажлуудыг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг бол төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан “Ногоон зээлийн сан” байгуулахаар бэлтгэл ажил хангаад байна”гэв.