ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн судлаачид хамтран  Ховд  аймгийн нутгаас олдсон,  МЭ-ний VI зууны үеийн эртний адууны  нас, хүйс, явдал тодорхойлох судалгааг  хийж гүйцэтгэжээ.

          Уг бодгаль адууны эрмэл үлдэгдлээс холбогдох  шүд болон   хэмт яснаас дээж авч орчин үеийн морфоанатоми,  молекул генетикийн  арга зүйнүүд  ашиглан   судалжээ. Судалгааны үр дүнд тус  адуу нь 19 (±1) настай, жороо явдалтай, эр адуу байсан болохыг тогтоожээ.

          Тус олдвор өдгөө Соёлын өвийн  үндэсний төв (СӨҮТ) -ийн  сан хөмрөгт  хадгалагдаж байгаа бөгөөд тус судалгааны ажлыг СӨҮТөв болон  “Усан тэлмэн жороо судлалын  академи” ТББ –ын захиалга,  дэмжлэгтэйгээр хийжээ.  

Судлаачид өнөөдөр СӨҮТ-ийн удирдлага,  “Усан тэлмэн жороо судлалын  академи” ТББ-д  судалгааныхаа  ажлын үр дүнг  танилцуулж  тайланг хүлээлгэн өглөө.