Нийслэлийн 2020 оны төсвийг өнгөрсөн долоо хоногт батлахдаа авто зам ашигласны хураамжийг 5 дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг эсэргүүцэж буй иргэд өнөөдөр Төрийн ордон тойрон машинтай жагсаж, дуу хоолойгоо хүргэсэн.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хотын дарга С.Амарсайханыг дуудан уулзаж, авто зам ашигласны хураамжийг нэмэгдүүлсэн шийдвэрээ эргэж харах чиглэл өгчээ.

Энэ талаар хотын дарга С.Амарсайхан "Төсвийг батлахдаа авто зам ашигласны хураамжийг моторын багтаамж, овор хэмжээ, байгаль орчинд үзүүлэх нөлөө зэргийг харгалзаж, харьцангуй өөр өөр тогтоож шийдвэрлэсэн. Ерөнхий сайдын зүгээс "энэ шийдвэрийг эргэн харж, олон нийтийн санал бодлыг тусгаж, аль болох зөв хувилбараар шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн чиглэл өглөө. Тиймээс НИТХ-аар батлагдсан энэ төслийг Хотын даргын хувьд НИТХ-д дахин өргөн барьж, боломжит хувилбараар шийдвэрлэх судалгаа тооцоо хийх шаардлага үүсэж байна. НИТХ-д хамгийн багадаа хурлаас 3 хоногийн өмнө өргөн барих хуулийн хугацаатай. Улмаар НИТХ-ын дарга ээлжит юмуу, ээлжит бус хурал зарлаж, энэ асуудлыг дахин хэлэлцэн шийдвэрлэнэ" хэмээлээ.

Мөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол  Улсын Засгийн газрын тухай хуулиудын дагуу Ерөнхий сайд хотын даргад  батлуулсан төсвөө эргэж харж, НИТХ-д дахин тооцоо, судалгаатайгаар, олон нийтийн саналын судалгаатайгаар асуудлыг шийдвэрлүүлэх үүрэг өгсөн. 

 НИТХ-ын шийдвэрийг үгүйсгэж, хууль бус гэдгээр Ерөнхий сайд халдаагүй.  536 мянган авто машин нийслэлд явж буй тул 500 гаруй мянган жолооч зам  ашигласны төлбөрөө огцом нэмж өгөх нь 1,5 сая иргэний өрхийн орлогод  сөргөөр нөлөөлөх асуудал гэдгийг харж үзэхийг Ерөнхий сайд Нийслэлийн  засаг даргад үүрэг өгсөн болно" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.