Ерөнхий сайд ОУВС-гийн гүйцэтгэх захиралд албан захидал хүргүүлэв

Л.Баяржаргал
10 сарын 05, 2017

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улсад Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдаар миний бие томилогдсон. Шинэ Засгийн газрыг УИХ-ын сонгуулийн дүнгийн дагуу МАН дангаараа байгуулна. Өмнөх Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, зөвхөн бүрэлдэхүүнийг өөрчилнө. Эдийн засгийн өнөөдрийн орчин 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулж байх үеийнхээс илүү сайжирсан, эдийн засаг өсөлттэй, инфляц нэг оронтой тоонд байна. Ийм үр дүн гарахад ОУВС-гийн хөтөлбөр хувь нэмрээ оруулсан гэдгийг онцоллоо.

Мөн тэрээр, манай танхим өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны ололт, амжилт бүрийг үргэлжлүүлнэ, үүний нэг нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөр юм гээд Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэхийг хүссэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан захидлыг ноён Нейл Сакерт гардуулж, ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардед дамжуулж өгөхийг хүслээ.

Суурин төлөөлөгч Нейл Сакер, Ерөнхий сайдаар томилогдсонд нь У.Хүрэлсүхэд баяр хүргээд, ОУВС-гийн хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулаад зогсохгүй, бодитой өсөлт бий болгох боломжтой гэв.

Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн анхны гадаад уулзалт юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.