Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр (2019.07.04) үдээс хойш хуралдав. Хуралдаанаар,

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт

“Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн нь Улсын Их Хурлын гишүүн байж болно” гэж өөрчлөн найруулах, “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэхээр тогтлоо.

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт

“Монгол Улсын иргэнийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа удаа томилно” гэсний дараа “Улсын Дээд шүүхийн нийт гишүүдийн гуравны хоёр нь шүүн таслах ажлын туршлагатай байна” гэж нэмэх Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, А.Ундраа, Н.Учрал нарын санал олонхын дэмжлэг авсан юм.

Мөн Ажлын хэсгийн саналаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, нэгийг Засгийн газар, нэгийг мэргэжлийн холбооноос тус тус нээлттэйгээр нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилгооны сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно” гэж өөрчлөн найруулахаар болов.

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт

“Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот; тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, бүрэн эрхийг олгох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж өөрчлөхөөр Ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллыг дэмжив.

Мөн Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу “Сумын Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд хуулиар тогтоосон журмын дагуу сонгож, аймгийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Дүүргийн Засаг даргыг сонгох, эсхүл томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.