Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичигт:

Сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй гэх зэрэг асуудлыг олон нийтийн сүлжээнд тавьж байгаа төдийгүй миний нэр дээр өргөдөл, гомдол ирүүлсээр байна. 

Сонгуулийн үр дүнд үүссэн энэ асуудал нь зөвхөн нам, эвслээс нэр дэвшигч, бие даагч нарын гомдлоор хязгаарлагдахгүйгээр иргэдийн дунд ч эргэлзээ, хардлага дагуулсан нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих нийгмийн асуудал боллоо.

...Миний бие Монгол Улсын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болохын хувьд Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх барих эрхээ дөрвөн жилд нэг удаа эдэлж, сонгосон сонголтдоо сонгогч бүр бат итгэлтэй байх ёстой хэмээн үзэж байна" гэжээ.


Ерөнхийлөгчийн Сонгуулийн ерөнхий хорооны даргад хүргүүлсэн албан бичгийг хүргэж байна.