Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдсан Монголын Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд оролцож, үг хэллээ.

Шинжлэх ухааны ажилтнууд анх удаагаа салбарын хэмжээнд цуглаж, төр засгийн оролцоотойгоор тодорхой бодлого шийдвэр гаргахаар хоёр өдрийн турш хуралдсан юм. Энэ чухал хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо шинжлэх ухааны ажилтнуудыг төр засагт үг, үйлдлээ хүргэдэг, салбартаа ногдох төсвийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаардаг тодорхой механизм бий болгож ажиллахыг  уриалсан юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тус хуралд оролцож хэлсэн үгээс онцлох эшлэлийг хүргэж байна.

1. Монгол Улс сүүлийн 30 орчим жилийн туршид эрдэмтэн судлаачдаа сонсолгүй,судалгаа, үйл ажиллагааг дэмжилгүй өнөөг хүрлээ. 

2. Эрдэмтдийн бүтээл, санал онолыг анхаараагүй, эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбарт асар бага төсөв хуваарилдаг учраас бидний хөгжлийн өнөөгийн өнгө төрх энэ байгаа юм. 

3. Аливаа улс орны хөгжил, алдаа багатай шийдэл, алсыг харсан зөв бодлого бүхэн эрдэмтэн судлаачидгүйгээр алхам ч явахгүйг хүн төрөлхтний хөгжлийн түүх гэрчилнэ.

4. Бидэнд шинжлэх ухаан, технологийн дэвшил, ололт амжилт, эрдэмтэн судлаачдын нөөц боломж бүрэн бий болж чадсан. Гэвч судалгааны үр дүнг ашиглах, дэмжиж туслах талаар төр засгийн бодлого өнөөг хүртэл урагшлахгүй байгаа нь бодит үнэн. 

5. Ядаж, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувийг эрдэм судлалын үйл ажиллагаанд зарцуулж, түүнийгээ тогтмол хэрэгжүүлж байх ёстой.Энэ асуудлыг анхдугаар Их хурлаараа бий болгоё.

6. Эрдэм судлалын ажилд өнөөдөр дэмжлэг үзүүлээд, маргааш үр дүнг нь нэхдэг биш алс хэтийг харсан, төлөвлөлт сайтай, тооцоо судалгаатай, хүрэх, бүтээх чиглэл нь тодорхой төлөвлөгөөтэй явуулах нь улс орны хөгжилд нэн чухал.

7. Өнөөг хүртэл улс төрөөс ангид байж, өөр өөрийн өмнөх ажлаа төр засагт дараа төвөг бололгүй хэрэгжүүлж ирсэн бараг цорын ганц салбар бол шинжлэх ухааны салбар гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

8. Мөрөөрөө судалгаагаа хийж байгаа эрдэмтэн судлаачдаа сонсохгүй, анхаарахгүй, судалгааны нөр их хөдөлмөрийн үр дүнг ашиглахгүй байж болохгүйг төр засгийн бодлого баригч хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй. 

9. Нийгэмд өндөр технологи, орчин үеийн шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлэхээс гадна нийгмийн соён гэгээрэлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх түүх, хэл, соёл, гүн ухааны салбаруудыг онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. 

10. Бидэнд бусдаас ялгарах Монголын өнгө төрхийг харуулж чадах зүйл бол түүх соёлын салбар юм. Эх түүх, өв соёл, монгол судлалын чиглэлийг эрчимтэй хөгжүүлэх ёстой.