Нийслэлийн удирдах ажилтнуудын улиралд нэг удаа зохион байгуулдаг өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. 

Тус зөвлөгөөний үеэр нийслэлийн бүх дүүрэг хороодын удирдах ажилтнуудын дунд асуулт, хариулт, санал сонсох нээлттэй үйл ажиллагааг зохион байгуулж, тодорхой асуудлуудад гарц шийдлийг хэлэлцсэн юм. 

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг дүүрэг, хороод өөрсдийн нутаг дэвсгэртээ үр дүнтэй зохион байгуулах, мөн нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах, хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. 

Түүнчлэн Авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа /зургадугаар сарын 1-ны дотор/ нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах, энэ онд хөрөнгө оруулалт болон урсгал засвараар хийгдэж байгаа авто зам, барилга, байгууламж, шугам, сүлжээний ажлуудаа төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлууд болон түр хугацаагаар хаагдах авто замуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах, гүйцэтгэлд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тогтмол хяналт тавихыг мөн холбогдох ажилтнуудад даалгав. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах” 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, байгууллагууд Улсын үзлэгийн бэлтгэлийг сайтар хангах зэрэг ажлуудыг хариуцлагатай зохион байгуулах, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын хариуцлага, ёс суртахууны доголдол, хүнд суртлыг арилгах асуудлаар 30 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгасан юм.

Мөн “Нийслэл, дүүргийн ажилтан, албан хаагчид хоорондоо ажлын уялдаа холбоо муу байна. Аливаа ажилд идэвх санаачилгатай, бүтээмжтэй иргэдийнхээ дунд орж ажиллах шаардлагатай. Төр иргэндээ үйлчлэх ёстойг бид алхам тутамдаа санаж, ажил хэрэгтээ төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримталж, хүнд сурталгүй, иргэдэд чирэгдэл учруулдаггүй хурдан шуурхай ажлыг урагшуулдаг байх алхмыг хаа хаанаа мөрдөх ёстой. Хүн бүр хариуцсан ажилдаа эзэн болж, хөдөлмөрлөж байж бид хөгжилд хүрнэ. Тиймээс та бүхэнд хотын ажлаас илүү чухал, хариуцлагатай ажил байхгүй гэдгийг дахин сануулж хэлье” хэмээн хотын Захирагч хуралдаанд оролцсон нийслэлийн удирдах ажилтнуудад онцгойлон анхааруулсан.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс