Сошиал маркетерууд бидний ажил хэвийн явагдаж байгаа мэт харагдаж байгаа ч борлуулалтад үзүүлэх нөлөө багасах, өмнөх үр дүнгүүддээ хүрэхгүй байх зэрэг сөрөг үр дагаврууд ажиглагдах үе бий. Бидний үйл ажиллагаанаас шууд шалтгаалахгүй нөлөөтэйгөөр буюу сошиал платформуудын өөрчлөлтийн нөлөөгөөр Фэйсбүүк хуудас хөтлөх ажлын үр дүн буурах нь бий ч ихэнх тохиолдолд маркетер бидний ажиллагаатай үр дүн шууд хамааралтай байдаг.

Та бүхэндээ Сошиал маркетеруудын Фэйсбүүк хуудас хөтлөх үед гаргадаг нийтлэг алдаанууд, тэдгээр нь бидний ажлын амжилтад хэрхэн нөлөөлж болох талаар мэдээллийг хүргэе.


Хэт борлуулалт дэмжсэн мэдээллүүд түлхүү оруулах

Мэдээж танд бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах тоон төлөвлөгөө байгаа. Миний оруулсан контентууд энэхүү борлуулалтын төлөвлөгөөг маань дэмжиж чадахгүй мэт санагдах үе цөөнгүй байдаг. Иймээс бид борлуулалт дэмжих мэдээллүүд оруулж эхэлдэг. Тэдгээрийн үр дүн ч боломжийн харагдаж лавласан коммэнтууд, цаашлаад шинэ хэрэглэгчдийг татсан түүхүүд цөөнгүй ажиглагддаг. Гэхдээ үүнийг тогтмол хийх нь сөрөг нөлөөтэй. Ийм төрлийн контент их орсноор мэдээллийн хүртээмж, хүмүүсийн сэтгэгдэл, хариу үйлдэл үзүүлэх зэрэг нь урт хугацаанд багасаж эхэлдэг. Магадгүй таны бий болгосон брэндийн үнэ цэнийг унагаж ч болзошгүй. Үүний оронд та хэрэглэгчээ гэгээрүүлсэн, мэдлэг олгосон, манай бүтээгдэхүүн үйлчилгээ танд хэрхэн туслах вэ гэсэн мессежийг далдуур өгөх контентийг бэлтгэх нь урт хугацаанд танд тогтмол хэрэглэгчдийг татах боломжийг олгоно. Хэрэглэгчдэд асуудлыг нь таниулсан, тухайн асуудлын хор уршгийг илэрхийлсэн, шийдэх шийдлүүдийг танилцуулсан, үүний дараа манай бүтээгдэхүүн уг асуудлыг шийдэж чадна гэдэг мессежийг контентуудаараа дамжуулан шат дараалалтай өгөх нь илүү үр дүнтэй. Таны оруулж буй нийт мэдээллийн ¼ буюу 25%-с ихгүй нь борлуулалт дэмжсэн пост байх нь тохиромжтой.



Уламжлалт контентоосоо татгалздаггүй, шинэ зүйлийг туршдаггүй

Сошиал маркетеруудын төлөвлөгөөг ажиглавал контентууд нь өмнөх 7 хоногоос нэг их ялгаа мэдрэгддэггүй. Тэр бүү хэл сүүлийн 3-6 сарын хугацаанд орсон мэдээллүүдийг ажиглахад хэт борлуулалт дэмжсэн мэдээлэл оруулаагүй байсан ч ерөнхий контентийн санаанууд болон контентийн төрлийн хувьд ижил төстэй байгаа нь ажиглагддаг. Бидэнд бэлэн видео контентийг л гэхэд энгийн видео хэлбэрээр, Canvas пост, Live видео хэлбэрээр, GIF файл болгон, веб сайтын нийтлэлдээ оруулах зэргээр маш олон янзаар хөрвүүлэн оруулах боломж бий. Магадгүй таны зорилтот бүлэг таны оруулж буй зурган мэдээллийг бус видео контентийг илүү үздэг ч байх магадлалтай тул үе, үе контентийн төрлөө өөрчилж байх, тэдгээрийн үр дүнд шинжилгээ хийж байх нь зүйн хэрэг юм.

Үүнийг хийхгүйн улмаас танай хуудасны мэдээллүүдийн хүртээмж, хандалт, хариу үйлдлүүд багасах, цаашлаад борлуулалт буурах үндсэн шалтгаан болдог. Ийм зүйлтэй тулгарахгүйн тулд та сошиал платформуудын шинэ боломжуудыг ашиглах, контентийн төрлөө өөрчлөх, амжилттай байсан контентоо төрлийг өөрчлөн дахин оруулах шаардлагатай. Фэйсбүүкэд л гэхэд хамгийн сүүлд Poll буюу санал асуулга оруулах боломж, Stories буюу 24 цаг л харагдах зураг эсвэл богино видео оруулах боломж нэмэгдсэн. Эдгээрийг турших, өөрийн боломжоор энгийн төвшинд ч гэсэн ашиглаж байх нь зүйтэй.


Төлбөртэй сурталчилгаа хийх зорилтот хүмүүсийн бүлгээ өөрчилдөггүй

Фэйсбүүк төлбөртэй сурталчилгаа явуулахдаа сошиал маркетеруудын гол гаргадаг алдаа нь мэдээлэл хүргэх зорилтот бүлгээ өөрчилдөггүй. Энэ нь ижил хэрэглэгчдэд ижил мессежийг олон дахин өгөхтэй адил юм. Нэг талаас харвал энэ нь маркетингийн байж болох арга боловч хэрэв та зорилтот бүлгээ оновчтой сонгож чадаагүй, эсвэл хэт өргөн бүлэг сонгон авсан тохиолдолд зардал өндөртэй, өгөөж багатай сурталчилгаа болж хувирна. Иймээс сурталчилгааны үр дүн, хэрэглэгчдийн хариу үйлдэл, борлуулалтын өсөлт зэргээс дүгнэн зорилтот бүлгээ өөрчлөх, эсвэл тэдгээр хүмүүсээс мэдээллийг илүү сонирхсон хүмүүст хүргэх зэрэг сурталчилгаа дахин байршуулалтын (Re-targetting) аргыг ашиглах нь үр дүнтэй. Бидний зохион явуулдаг Сошиал медиа маркетинг II сургалтын агуулгад төлбөртэй сурталчилгааг оновчтой хийх тухай сэдэв багтсан байдаг.



Фэйсбүүк хуудас хөтлөх автоматжуулалтын хэрэгслүүдийг ашигладаггүй   

Сошиал маркетеруудад шинэ шинэ боломжууд, ажлаа хөнгөвчлөх аргууд нэмэгдсээр байна. Үүний тод жишээ нь Фэйсбүүкийн Чатбот буюу автомат хариулагч, Shop Service буюу бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг оруулах боломжтой цэс, Hootsuite болон Buffer гэх мэт автоматжуулалтын аппликейшнууд байдаг. Эдгээрийг ашиглах нь хүн бүрт үнийн мэдээллийг илгээх зэрэгт цаг гаргаж өөрөө хариу бичих шаардлагагүй, хүмүүсийн хүссэн асуултад ижил форматаар ижил мессежийг түргэн шуурхай өгөх зэрэг боломжийг олгодог. Мөн чатбот дээр та мэдээлэл авсан хүмүүсээ ангилах, тэдгээрт эргэж мэдээлэл хүргэх, тогтмол харилцаа тогтоох боломжууд агуулагддаг.

Эдгээрийг бид ажиллагаандаа нэвтрүүлээгүйгээс хэрэглэгчидтэй харилцахдаа их цаг зарцуулах, алдаатай мэдээлэл өгөх, зарим хүмүүст мэдээлэл өгөөгүй байх, оройтож мэдээлэл өгөх зэрэг сул талууд үүсэх эрсдэлтэй. Иймээс пэйж хуудсандаа дээрх зүйлсийг заавал ашиглаарай. Мөн бидний зохион явуулдаг Сошиал медиа маркетинг II сургалтын агуулгад Чатбот хэрхэн бэлтгэх талаарх хичээл багтсан байгаа.


Контентийн чанарт анхаардаггүй

Таны бэлтгэж байгаа контент чанарын асуудалтай байх нь тухайн мэдээллийн хүртээмж, цаашлаад бодит борлуулалтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Хамгийн энгийн жишээ л гэхэд JPEG, JPG өргөтгөлтэй хадгалсан зургуудыг Фэйсбүүк болон бусад платформууд руу оруулах нь чанарын алдагдалтай буюу таны компьютерт харагдаж байгаагаас илүү бүрсийж харагддаг. Иймээс интернет орчинд байрших зургийг хадгалахад тохиромжтой PNG өргөтгөлөөр бэлтгэн оруулах нь таны контентийг ямар ч алдагдалгүй яг л таны компьютерт яаж харагдаж байгаа түүнтэй адил харагдуулахад тусална.

Мөн нийтлэг харагддаг дутагдлууд нь тогтсон темплейт загвар ашигладаггүй. Зарим мэдээлэлд лого орсон. Заримд нь ороогүй гэх мэт сул талууд ажиглагддаг. Иймээс постуудын төрлөөс хамаарч темплейт загваруудыг мэргэжлийн дизайнераараа эсвэл мэргэжлийн дизайнер, компаниар гүйцэтгүүлэн түүнийгээ тогтмол ашиглах нь таны брэндийг хүмүүст хоногшуулахад тусална.


Контентоо түгээх боломжуудыг ашигладаггүй

Фэйсбүүкээс хүмүүс хоорондын харилцаанд анхаарна гэсэн мэдэгдэлтэй холбоотойгоор бизнесүүдийн Фэйсбүүк ашиглалтад буюу Фэйсбүүк хуудаснуудад ажиглагдах болсон сөрөг үр дагавар нь мэдээллийн органик хүртээмж өмнөхөөсөө буурсан. Гэхдээ үүнийг давуу тал гэж үзэх хэсэг бүлэг хүмүүс ч бий. Таны контент бусдын анхаарлыг татсан, сайн контент байж чадвал хангалттай хүнд хүрэх боломж байгаа хэвээр. Өөрөөр хэлбэл чанартай контентын хувьд өрсөлдөөн буурсан сайн талтай байх боломжтой.  Иймээс контентийн чанар, агуулгад анхаарах нь зүйн хэрэг.

Сайн чанартай контент бүтээсний дараа түгээх нь хамгийн чухал. Магадгүй таны хуудас шинээр нээгдээд удаагүй эсвэл идэвхтэй ажиллагаа явуулж чадаагүйн улмаас таны оруулсан хэчнээн сайн мэдээлэл маш цөөхөн хүнд хүрч 5-10 Like, Comment л авдаг байж болох юм. Ийм үед таны зорилтот хэрэглэгчид хаана байгааг анхаарч тэдгээрт мэдээллээ хүргэх нь хамгийн зөв арга. Өөрөөр хэлбэл таны хэрэглэгчдийн идэвхтэй байдаг группүүдэд бэлдсэн сайн контентоо Share хийх явдал юм. Үүнийг сайн хийж чадсанаар таны контентуудын хүртээмж, хүмүүсийн хариу үйлдлүүд нэмэгдэх, цаашлаад борлуулалтаа өсгөх боломжтой.


Сошиалд зарцуулах төсөв хэт бага

Сошиал контент бэлтгэгч ажиллуулах, төлбөртэй сурталчилгаа байршуулах, постын темплэйт загвар бэлтгүүлэх, видео контент хийх, контент бүтээгчидтэй хамтран ажиллах гээд сошиалд зарцуулах мөнгө тань өссөөр байна уу? Сошиал маркетер таны хамгийн түрүүнд хийх ажил бол контентийн төлөвлөгөө гаргах юм. Тухайн төлөвлөгөөг гаргахдаа өөрийн нөөц бололцоонд тохируулан контентийн агуулга тоог гаргах, эсвэл хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан өөрийн нөөцөөс давсан контентийн агуулга тоог гаргах нь зүйтэй. Хэрэв таны нөөц бололцоо хангалттай сайн контент гүйцэтгэж чадахгүй, эсвэл цаг завын хувьд амжихгүй, илүү олон чанартай контент бэлтгэх хэрэгцээ гарч байвал сайн контент бүтээгчидтэй хамтран ажиллахыг зөвлөж байна. Мэдээж сайн контент бүтээгчид ажлын чанартаа тохирсон үнэ хөлсөөр ажиллах нь дамжиггүй. Ямартай ч сайн контент гүйцэтгэл, үр ашигтай сурталчилгаанд гар татах хэрэггүй.



Сайн контент гүйцэтгэгч олж, амжилттай хамтран ажиллаж чаддаггүй

Контент гүйцэтгэлдээ бусдын тусламжийг авах нь буруу зүйл биш гэдгийг өмнөх сэдэвт дурдсан. Монголын томоохон компаниуд өдөр тутмын сошиал контент бэлтгэл дээр гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллуулах нь нэмэгдсэн.

Хэрвээ та бүхэн контент гүйцэтгэл, сошиал ажиллагаа дээрээ бусадтай хамтран ажиллах гэж байгаа бол дараах шалгуурын дагуу хамтран ажиллах хүн эсвэл байгууллагаа шалгаад үзээрэй.



  • Гүйцэтгэж байсан сайн ажлууд
  • Харилцан ажиллаж байсан, байгаа компани, бизнесүүд
  • Сошиал ажиллагаа, мэргэшсэн байдал /пост бэлтгэлээр өөр юу юуг хийж чадах/
  • Контент бэлтгэл болон бусад ажиллагаандаа шинэ зүйлс ашигладаг эсэх

Дээрх зүйлсийг анхааралдаа авч сошиал ажиллагаандаа нэвтрүүлээрэй.

Танд өгөх бидний хамгийн сүүлийн зөвлөгөө бол Сошиал платформуудын шинэ боломжуудыг тогтмол судлах, бусад сошиал маркетерууд, контент бүтээгчидтэй уулзаж санаа солилцож байхыг зөвлөе. Таны бизнест ашигтай өөрчлөлтийг та эрт хэрэгжүүлж чадвал төсөөлснөөс тань их амжилт ирэх боломжтой.




Nathouse Creative нь сошиал медиа маркетингийн агентлаг бөгөөд сошиал медиа, дижитал маркетингийн цоо шинэ мэдээ, зөвлөгөө зааврыг nathouse.mn вэб хуудаснаас авах боломжтой. Мөн тогтмол зохион байгуулдаг маркетингийн сургалтын талаар эндээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Имэйлээр холбогдох бол info@nathouse.mn. 

Facebook хуудас: https://facebook.com/nathousecreative.