ЛОНДОН. /CNN/. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Ford” компани Их Британи дахь борлуулалтын хэмжээ буурсан хийгээд, “Brexit”-тэй холбоотой тодорхойгүй байдал үргэлжилж буйн улмаас тус улс дахь үйлдвэрээ хаахаар болжээ.

"Бриджент хот дахь хөдөлгүүрийн үйлдвэрийг “Jaguar Land Rover” компанид хөдөлгүүр нийлүүлэх гэрээ дуусах үед буюу ирэх 2020 оны есдүгээр сар гэхэд хаана" гэж “Ford” компаниас пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр, 1700 гаруй хүн ажилгүй болох төлөвтэй байна. 

“Энэхүү шийдвэрийг гаргахад “Brexit”-ийн асуудал тийм ч их нөлөө үзүүлээгүй” гэж “Ford” компанийн мэдэгдэлд дурдсан боловч Их Британи Европын Холбооноос худалдааг хамгаалах нөхцөлгүйгээр гарвал тус улс дахь үйлдвэрүүдээ хаана хэмээн өмнө нь мэдэгдэж байжээ.


Ташрамд дурдахад, Японы автомашин үйлдвэрлэгч “Hondа” компани Их Британийн Суиндон тосгон дахь үйлдвэрээ 2021 онд хаах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг