Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Герман улсын Элчин сайд Штефан Дуппел, тус улсын Сэргээн босголт банкны суурин төлөөлөгч Петар Георгиев нартай 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, 8.0 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Германы Элчин сайд Штефан Дуппел, тус улсын Сэргээн босголт банкны суурин төлөөлөгч Петар Георгиев нартай 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Монгол-Германы Ашигт малтмалын технологийн сургуульд төрөлжсөн 7 лаборатори, иж бүрэн номын сан барин өргөтгөх болон 8.0 сая еврогийн буцалтгүй тусламжаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох-3” төслийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. 

Төслүүд хэрэгжсэнээр уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт шаардлагатай боловсон хүчинг дотооддоо чанартай бэлтгэх, тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг бэхжүүлэх, устах аюултай ургамал, амьтдын төрөл зүйлийг хамгаалах, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх боломж нэмэгдэх юм. 1992 оноос хойш 400 сая гаруй еврогийн төсөл хэрэгжүүлж эдийн засаг, нийгмийн тэргүүлэх чиглэлүүдэд хамтран ажилласан Германы Засгийн газар, тус улсын Сэргээн босголтын банк, Герман Улсын ард иргэдэд талархлаа илэрхийлье" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.


Гарын үсэг зурах ёслолоос гэрэл зургаар хүргэж байна.