Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхэд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны 95 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байжээ.

Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан. Хамгийн сүүлд буюу 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль шинэ сонголтоо баталгаажуулах, ардчилсан засаглалаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэндчилгээндээ онцолсон.

Харин одоогийн эрх баригчид энэ сарын 14-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Чуулганы хуралдаанд оролсон 63 гишүүн бүгд гар өргөн дэмжиж, 100 хувийн саналаар баталсан юм

Тус нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш УИХ 5 сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцсэн. УИХ-ын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306.0 мянган санал ирсэн байна гэдгийг мөн УИХ-ын дарга онцолсон.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг энэ сарын 18-нд УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж, баталгаажуулж өгөхийг хүссэн юм.

Тэгвэл өнөөдөр буюу Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласан өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг баталгаажуулах ёслол Төрийн ордонд боллоо.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг баталгаажуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцов. Ёслолын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхэд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн байна.

Гэрэл зургаар хүргэж байна.