Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын Айраг сумаас 5.0 км-ийн зайд 747-р км-ын 9-р зуутад  Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 цагийн үед замаас гарчээ.

Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ. Уг галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрсөн байна. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна.

Осолд өртсөн зорчигчдыг эмнэлэгт хүргэж эмнэлгийн үзлэгт хамруулж байна. Холбогдох эх сурвалжийн мэдээлж буйгаар хүний амь эрсдээгүй ч нэг хүний биеийн байдал хүнд, 6 том хүн, 3 хүүхэд гэмтсэнийг яаралтай тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэжээ.

Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг, яамны ТЗДТБХЗГ, АТБХЗГ, УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ослын газарт ажиллаж байгаа бол Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар Төмөр замын удирдах газарт ажиллаж байна.

Өнөөдрийн Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд зорчих тасалбар авсан зорчигчдыг дараагийн өртөө хүртэл автобусаар зөөж богино рэйс хийж байна. Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр орж байгаа хүчтэй усархаг аадар борооны улмаас зам тээврийн хөдөлгөөнд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байна.