Сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төсөл болон цагдаагийн ажилтнуудын хүч хэрэглэж буйг эсэргүүцэгчдийн олон долоо хоногийн турш өрнүүлж байгаа жагсаал цуглаан өнгөрсөн ням гарагт үргэлжилж, олон зуун мянган хүн оролцжээ.

Жагсагчид "Хонконгийг чөлөөл", "Ардчилал хэрэгтэй байна", "Хуулийн төслийг хүчингүй болго", "Цагдаагийн ажилтны гэм буруутай үйлдлийг мөрдөн шалга" зэрэг үгсийг чангаар хашхиран “Victoria” цэцэрлэгт хүрээлэнд жагссан байна.

Уг жагсаалыг зохион байгуулсан Иргэний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгч Жимми Шам цугласан олонд хандан хэлэхдээ,Хонконгийн Засаг захиргааны тэргүүн Керри Лам жагсагчдын шаардлагыгүл тоомсорлож байна гэжээ. Мөн тэрбээр, К.Лам тайван, зүй ёсны, хүч үл хэрэглэсэн жагсаалд ямар нэг хариу өгөх ёстой. Бид Хонконгийн цагдаа нарын харгислалыг хангалттай харлаа. Үүнийг таслан зогсоох хяналт хэрэгтэй байна гэж нэмж хэлжээ.

Хонконг дахь сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг бүрмөсөн хүчингүй болгохыг шаардаж буй жагсагчид мөн цагдаагийн ажилтнуудын харгис үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, баривчлагдсан жагсагчдад өршөөл үзүүлж, улс төрийн ардчилсан шинэчлэл хийхийг шаардаж байгаа аж. 

Жагсаал тайван болж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй ч бодит байдал үйл явдал өөрөөр өрнөж байгааг эдгээр гэрэл зургууд харуулна.

Фото: