Фото: “Мөнгөн усны чимээгүй аюул”-ыг гэрэл зургаар дэлгэжээ

peak.mn
11 сарын 08, 2018

“Мөнгөн усны чимээгүй аюул... Минамата конвенц” фото зургийн нээлттэй үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.

Мөнгөн уснаас болж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд маш ноцтой хор аюул учруулдаг. Мөнгөн усны эмгэнэлт түүхэн сургамж болсон дэлхий нийтийг түгшээсэн өвчин Япон Улсад гарч, түүний эсрэг арга хэмжээ авч эхэлснээс хойш 50 гаруй жил өнгөрсөн боловч хор уршиг нь одоо хүртэл арилаагүй байна.

Харин манай оронд 2007-2008 онд химийн хорт бодистой тээрмээр алтны хүдэр боловсруулах хууль бус үйл ажиллагаа өрнөж нийт 6 аймгийн 21 сумын 130 цэгт хуримтлагдсан 92 956 м3 буюу 139 410 тн шламыг тээвэрлэж, химийн бодисоор бохирдсон 78 965 м2 талбайд хөрс хуулалт хийн саармагжуулан орон нутагт хүлээлгэн өгөх, алт угааж байсан 124 тээрмийг хураан авах ажлыг Монгол Улсын засгийн газар амжилттай авч хэрэгжүүлсэн.

Байгаль орчин, хүн ардынхаа эрүүл аюулгүй, химийн бодисын бохирдолгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, мөнгөн уснаас үүссэн онц аюултай энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, сургамж өгөа зорилгоор уг гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй үзүүлж байна.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлөөс 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 2/25 тоот шийдвэрийн дагуу 2013 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Дэлхийн 147 улс орон Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн эх бичвэрийг боловсруулан байр сууриа нэгтгэсэн.

2013 оны 10 дугаар сарын 10-аас 11-ны өдрүүдэд Япон улсын Кумамота хотод тус конвенцийг хүлээн зөвшөөрч Улс орнууд нэгдэн орохоор гарын үсэг зурсан бөгөөд одоо 100 шахам улс орон уг конвенцийн Тал болж гишүүнээр элссэн.

Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн үндсэн зорилго нь хүний үйл ажиллагааны улмаас үүссэн мөнгөн усны ялгарал, бохирдлоос хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг олон улсын болон үндэсний хэмжээнд зохицуулахад чиглэгддэг.

Монгол Улс мөнгөн усны хэрэглээг бууруулах, бүрмөсөн хориглох, ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах, хүрээлэн буй байгаль орчин, хөрсийг бохирдуулахгүй байх үүднээс Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 4 сарын 30-ны өдөр “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийг соёрхон батлах тухай” хуулийг батлан хэрэгжүүлж эхэлснээр Ази тивээс уг конвенцид нэгдсэн анхдагч улсуудын нэг болсон.

Монгол улс мөнгөн ус, түүнийг агуулсан бүтээгдэхүүний тооллого хийх, мөнгөн усны хэрэглээг зогсоох тухай үндэсний хөтөлбөр боловсруулах зэргээр уг конвенцийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Манай улсад энэ үзэсгэлэнг анх удаа гаргаж байгаа нь конвенцийн гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байгаа чухал үйл явдал юм.

Үзэсгэлэнг цаашид Улс орон даяар аялуулах бөгөөд ард иргэд, залуу үед мөнгөн усны жишээн дээр химийн бодисын хор хохирол ямар аймшигтай аюултай болохыг ойлгуулж, олон улсын өмнө конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв “УТҮГ”, хамтрагчаар Япон Улсын “Дэлхийг ногооруулах холбоо”, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын их сургууль, Нийслэлийн Боловсролын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” ТББ, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл зэрэг газрууд дэмжин ажиллаж байна.


Холбоотой сэдвүүд

үзэсгэлэн мөнгөнус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.