peak.mn
12 сарын 25, 2018
Нийслэлийн цагдаагийн газар өнөөдөр 2018 онд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээгээ дүгнэн хэлэлцэж, 2018 оны “Бүтээлч хамт олон”, хөдөлмөрийн тэргүүн, ажил мэргэжлийн аварга болон оны онцлох ажилтнуудыг шалгарууллаа.
Тайлангийн хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж нийслэлийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон холбогдох албаныхан оролцов.
НИТХ-ын дарга С.Амарсайхан тус тайлангийн хурлын үеэр баяр хүргэж хэлсэн үгэндээ “Нийслэлийн иргэд, оршин суугчдын аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, осол зөрчилд өртөхөөс сэрэмжлүүлэх, хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй хангах цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй гүйцэтгэж ирсэн нийслэлийн Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагчид та бүхэнд удахгүй айлчлан ирэх Шинэ жилийн мэндийг хүргэе.
Улиран одож буй 2018 онд Хотын удирдлагын зүгээс Нийслэлчүүдийнхээ амар тайван амьдралыг бүрдүүлэхийн төлөө ажилладаг Нийслэлийн Цагдаагийн газарт шаардлагатай төсөв санхүүжилтийг цаг алдалгүй шийдвэрлэж, ажиллаж ирсэн гэдгийг хэлэхэд таатай байна.
Эдгээрээс онцлон дурьдвал Олон нийтийн болон Оюутан цагдаа, Хэв журмын урамшилт эргүүл ажиллуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэж ажилласан, Нийслэлийн зам, гудамж талбайн камер, дагалдах тоног төхөөрөмжийн засваж, шинээр суурилуулан аюулгүй байдлыг сахиулж, "Эргүүл” дэд хөтөлбөрийн хүрээнд хөдөлгөөнт эргүүлийн автомашины парк шинэчлэлтийг сайжруулах, цагдаагийн албаны үүрэг гүйцэтгэхэд зориулж, туулах чадвар сайтай 10 ширхэг фургон автомашин худалдан авч, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд хүлээлгэн өгсөн, Цагдаагийн албан хаагчдын гар станцыг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэсэн зэрэг нийтдээ 2.0 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ” хэмээв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.