Монгол Улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдох, “Түлэнхийн төв"-ийн барилгын явц 60 хувьтай байна. 

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр тус төвийн шинэ барилгын явц байдалтай танилцаж, яаравчлахыг үүрэг болгов.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг барилга нь үндсэн 3 блоктой бөгөөд А, С блокын гүйцэтгэгчээр “Цаст констакшн”-тай, В блокын гүйцэтгэгчээр Нутгийн зам” ХХК-тай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн юм.

Одоогийн байдлаар барилга угсралтын ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд энэ оны 3 дугаар улиралд ашиглалтад бүрэн оруулахаар гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллаж байна. 

Уг барилга нь "А", "В", "С" 3 блоктой.  /А блок захиргааны хэсэг, В блок эмнэлгийн хэсэг, С блок мооргийн барилга байх юм. "А"блок. 5 давхар барилгын хаалга, цонхны ажил, дотор заслын ажил, халаалтын ажил, гадна фасадын ажил, дээврийн ажил, гадна шугам сүлжээний ажлуудыг хийж дуусгасан. Барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.