Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дахь Орхон голын Онгоцтойн амны гүүр нурж ачааны машин унасан байна.
105 метр урттай энэ модон гүүр зарим газраа эвдрэл өгч голдоо хэсэг зайнд овойж сэрийгээд 10-аад жил болж буй.

Мэргэжлийн хяналтын газраас 2013 онд ашиглалтаас гаргасан ч уг гүүр нь зуны улиралд Улаанцутгалантын хүрхрээ, Төвхөн хийдийг зорьсон аялагч жуулчдын гол гарц болдог. Жолооч нар санаа зовнин уг гүүрийг гатлахын тулд жуулчидаа буулгаж гардаг байжээ. Жуулчид нь араас нь явган алхаж уг гүүрийг гаталдаг болоод удаж байгаа гэв.

Үүний дохио өгсөн мэт энэ оны хоёрдугаар сард мөн портер маркийн машин гүүрний овгор хэсэгт хүч алдсаны улмаас арагшаа ухарч гүүрний хажуу руу унасан юм.

Энэ жилийн 6 дугаар сард тендер зарласан ч чимээ алдарсан байдаг талаар нутгийн иргэд ярьж байна.