Фото: "The Hu" хамтлагийг Монгол Улсын "Соёлын элч"-ээр өргөмжиллөө

Б.Баясгалан
08 сарын 11, 2019

Монголын үндэсний урлагийг олон улсад сурталчлан таниулж буй “The Hu” металл рок хөгжмийн хамтлагийг Монгол Улсын Соёлын Элчээр өргөмжилжээ.

Өргөмжлөлийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн баасан гарагт гардуулан өгсөн байна.

Энэ талаар Сайд Д.Цогтбаатар ""Хү" хамтлагт Монгол Улсын Соёлын элчийн өргөмжлөлийг гардуулав. Эдний дуунууд Billboard-ын жагсаалтад багтаж, "Шилдэг борлуулалттай хард рок дуунууд"-ын жагсаалтыг бас тэргүүлсэн. Монголын рок-поп урлагийнхан, тэдний дуу, дугараа, хөг аялгуу ийм үзүүлэлтэд хүрээсэй гэж мөрөөддөг байсан. Миний мөрөөдөл биелсэн. Энэ хамтлаг манай уран бүтээлчдийн хувьд дэлхийн рок ертөнцийн үүд хаалгыг нээлээ. Булган сүүлтэй байна гэдэгт эргэлзэхгүй байна. Яг эдний "Юу вэ" дуунд ёгтолдог шиг цээжээ дэлдэж сагсуурахыг цээрлэж, харин хийж, бүтээж, авъяас, ур чадвар, мэдлэг оюунаараа дэлхийд танигдан урагшлах нь урамтай байх болно шүү" хэмээн цахим хуудаснаа нийтлэсэн байна.


"Соёлын элч" өргөмжлөл гардуулсан тус арга хэмжээнээс гэрэл зургаар хүргэж байна.

Монголын урлагийн ертөнцөд “Хүннү Рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг болох “THE HU” нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2012 оноос хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлууд хийгдэж явсаар 2016 онд албан ёсоор байгуулагджээ. 

Улмаар 2018 онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлсэн байна. Тус хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хамтлагийн ахлагчаар Ц.Галбадрах ажилладаг байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.