Сүхбаатарын талбайд байрлуулан чимэглэсэн сүлд модны гэрлийг асаах ёслолын ажиллагаа өчигдөр орой боллоо. 

Ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Захирагч С.Батболд, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн урлаг, спорт, эрүүл мэнд зэрэг салбар салбарын шилдгүүдийн төлөөлөл болон нийслэлийн иргэдийн оролцов.

Тус ёслолыг нээж нийслэлийн Засаг дарга С.Батболд “ Яг нэг жилийн өмнө Их жанжны талбайд сүндэрлэх “Сүлд модны гэрэл асаах” ёслолыг миний бие нээж байсан. Нэг жил харвасан сум шиг өнгөрөхдөө Нийслэл хотод олон өөрчлөлт, шинэчлэлтийг авчирч чадсан гэж хотын даргын хувьд бодож байна. Ололтоо бид бататгаж, алдаагаа засч, иргэнээ сонсч, дээдэлж ажиллана. Төв талбайдаа сүлд модныхоо гэрлийг асааж, түмэн олондоо аз жаргал, баяр хөөр, эрүүл энхийг хүсэн ерөөхөд бэлэн боллоо. Гэрэлтэн асах сүлд мод маань Нийслэлчүүдэд шинэ жилийн дулаан уур амьсгалыг бэлгэлэх болтугай” хэмээв.

Төв талбайд сүндэрлэж буй тус гацуур нь 22 метр өндөр бөгөөд дэргэд нь өвлийн өвгөн, цасан охиныг бүтээжээ.