Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Тус чуулганыг нээж Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. /Энд дарж уншина уу/

Үргэлжлүүлэн Олон Улсын Парламентын Холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Баррон “Бидний өмнө 2030 он хүртэл дэлхий ертөнцийг өөрчилж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 11 жил үлдээд байна. Бидний гол зорилго хэнийг ч ардаа орхихгүй байх нь чухал. Хүн төрөлхтөний түүхэнд анх удаа нэг чухал зорилгын дор нэгдэн ажиллаж байна. Дэлхийн олон оронд тэгш бус байдал санаа зовоож байгаа бөгөөд энэ чиглэлээр бид оновчтой арга хэмжээ авч буй эсэхдээ дүн шинжилгээ хийх шаардлага бий. 

Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхдээ төрийн бодлого нь иргэн бүрийг хамруулж, хэнийг ч ардаа орхихгүй байхад чиглэх учиртай. 

Тогтвортой хөгжлийн зорилгуудын агуулгыг авч үзвэл боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах асуудлыг хэрэгжүүлэхдээюуны өмнө улс орны нөхцөл байдлыг оновчтой үнэлж, хөгжлөөс хоцорч байгаа бүлэг, давхаргад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд парламент анхаарч ирсэн.

ОУПХ-ны бүсийн чуулганууд нь тухайн бүс нутаг, улс орнуудад байгаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байдаг. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хууль тогтоомжууд, үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж буй зэрэг өөрийн гэсэн туршлагыг бий болгон ажиллаж байна. Цаашдаа улс орнууд хамтран ажиллах тал дээр илүү анхаарал тавина гэдэгт итгэж байна. Энэ чуулганы явцад Та бид өөрсдийн шинэлэг сайн туршлагаа хуваалцаж, бие биеэсээ суралцах нь зүйтэй. 2017 оны 05 дугаар сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хочимин хотноо Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн зорилгуудын чиглэлээрх анхны парламентын чуулганыг зохион байгуулсан. Тэр үед Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн явцыг дүгнэн, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай алхамуудын талаар хэлэлцсэн. 

Энэ удаа бүс нутгийн хэмжээний хоёр дахь арга хэмжээгээ зохион байгуулаад байна. Энэ хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх явцад одоогийн түвшинд хаана байна гэдэг талаар парламентын гишүүд хамтарч уулзах зорилготой арга хэмжээ юм” хэмээн хэллээ.

Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган үргэлжилж байна.