Авлигатай тэмцэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Гадаадаас ажиллах хүчин, мэргэжилтэн авах, илгээх зөвшөөрөл олгохтой холбоотой үйлчилгээг цахимжуулах талаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, тус газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хэлтсийн дарга Т.Есөнтөмөр, Мэдээллийн технологийн төвийн дарга Д.Даваажаргал, Мэдээллийн технологийн төвийн системийн дарга Б.Бат-Амгалан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Ч.Чинбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас олгож байгаа гадаадаас ажиллах хүчин, мэргэжилтэн авах зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах болон урилга авахад бүрдүүлдэг долоон төрлийн материалийг төрийн мэдээлэл солилцооны “Хур” системтэй холбохоор болсон. Ингэснээр иргэн бүрдүүлэх материалыг давхардан гаргахгүй байх боломж бүрдэх юм. Цаасан суурьтай үйлчилгээг цахим болгосноор авлигын эрсдэл, ХХҮЕГ-ын ажилтнуудын ачаалал ч багасах юм.

Авлигатай тэмцэх газрын оролцоотойгоор хийгдэх энэхүү ажлын үр дүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг төрийн үйлчилгээг цахим болгох ажлыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлж, 2019 оны гуравдугаар улирлаас эхлэн уг үйлчилгээг цахим хэлбэрээр олгох тушаал гаргаж, ажлын хэсэг байгуулагдан шат дараатай хийж хэрэгжүүлэхээр болоод байна.