Нийгмийн даатгалын байгууллагын хуулийн дагуу хүлээсэн үүргийн нэг нь нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх бөгөөд даатгуулагчийг албан журмаар болон сайн дураар даатгуулж тэдгээрийн нийгмийн баталгааг хангах явдал юм.

Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар Нийгмийн даатгалд сайн дураар дараах иргэн даатгуулах боломжтой. Үүнд:

  • Хувиараа бизнес эрхлэгч;
  • Гадаадын төслийн нэгжид ажилладаг иргэн;
  • Жолооч (такси, зорчигч болон ачаа, хот хоорондын тээврийн жолооч);
  • Бичил уурхай эрхлэгч;
  • Газар тариалан эрхлэгч (ногоочин);
  • Малчин;
  • Оюутан (бакалавр, магистр, докторант, бусад);
  • Ажлаасаа захиргааны цалингүй чөлөө түр хугацаанд авсан иргэн;
  • Гадаад улс оронд оршин суугч иргэн
  • Ажилгүй иргэн;
  • Бусад;

Нийгмийн даатгалын ерөнхий газар хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор цахимаар нийгмийн даатгалын сайн дурын төрөлд даатгуулах үйлчилгээг эхлүүлээд буй

Тус цахим үйлчилгээг Төрийн банктай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд Та нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахимаар даатгуулснаар өөрийнхөө ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж бүрдэх юм.

Та нийгмийн даатгалд цахимаар хамрагдах манай системийг ашиглахдаа дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

Бүртгэлээ хэрхэн хийх вэ?

  • Та хамгийн эхэнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын https://app.ndaatgal.mn/sdforeign/#/ цахим хуудаст хандан хэрэглэгчээр бүртгүүлсний дараа нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахимаар даатгуулах боломж бүрдэх тул энэ үйлдлийг үнэн зөв хийнэ үү.
  • Та өөрийн регистрийн дугаарыг үнэн зөв оруулна уу. Таны оруулсан регистрийн дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлтэй цахимаар шалгагдаж мэдээлэл таарч байвал таны мэдээлэл шууд гарч ирэх болно.
  • Харин Таны мэдээлэл байхгүй бол та монгол үсгийн гарын драйвер ашиглан өөрийн регистрийн дугаар, ургийн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, бусад мэдээллийг үнэн зөв бөглөж, зөвхөн өөрийн гадаад паспортын зураг, нэртэй хэсгийг хавсарган илгээгээрэй. Хэрэв эдгээр мэдээлэл буруу, өөр хүний паспорт хавсаргасан зэрэг зөрүүтэй бол гэрээ байгуулах ажил хойшлогдох магадлалтайг анхаарна уу. (ЭНД дарж бүртгүүлнэ үү)

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлого гэж юу вэ? Түүнийг хэрхэн тодорхойлох вэ?

-Та нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогоо тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (320.000 төгрөг)-өөс багагүй, дээд хэмжээ (3.200.000 төгрөг)-өөс хэтрэхгүйгээр өөрөө тодорхойлно. Таны өөрөө мэдүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлого нь гэрээний хугацаанд өөрчлөгдөхгүй болохыг анхаарна уу.

-Сар бүр хэдэн төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх вэ?

-Даатгуулагч таны өөрөө мэдүүлсэн сарын орлогоос Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээ буюу 13,5 хувиар тооцон таны нэг сард төлөх шимтгэлийн дүн гарна. Жишээ нь Та сард 300 000 төгрөгөөс тооцон даатгуулахаар гэрээ байгуулах бол нэг сард 40 500 (300 000 х 13,5 хувь) төгрөг төлнө.

Сайн дурын даатгалд даатгуулснаар ямар даатгалд даатгуулж байгаа вэ?

-Та Тэтгэврийн даатгалд (11,5%), Тэтгэмжийн даатгалд (1.0%), Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд (1.0%), нийтдээ 13,5 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлнө.

-Нийгмийн даатгалын шимтгэлээ ямар хуваарийн дагуу төлөх вэ?

-Та өөрийн орлогын байдлыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр, улирал бүр, хагас жил бүр, жилд нэг удаа гэсэн сонголтоос сонгон, гэрээнд тусгаснаар төлөх боломжтой. Гэрээний хугацаанд хугацаа хоцорсон төлөлтөд алданги тооцдог. (гэрээний маягттай сайтар танилцана уу)

-Сайн дурын даатгалын гэрээг ямар хугацаагаар байгуулж болох вэ?

-Та нэг жил хүртэл хугацаагаар гэрээ байгуулах боломжой ба цаашид 3 хүртэл удаа сунгаж болно. (гэрээний маягттай сайтар танилцана уу)

Яагаад Төрийн банкны дансаар төлөх вэ?

-Төрийн банк нь нийт 2,7 сая харилцагчтай бөгөөд насанд хүрсэн иргэн бүр Төрийн банкны данстай байдаг. Тиймээс Та ч бас Төрийн банкинд данстай байх боломжтой. /Жнь: хүний хөгжлийн мөнгө авч байсан данс/

-Төрийн банкны данснаас хэрхэн төлбөр төлөх вэ?

-Энэхүү цахим систем нь Таныг бүртгүүлэн, сайн дурын даатгалын гэрээ байгуулсаны дараа, Төрийн банкин дах Таны данснаас төлбөр төлөх зориулалттай. Тиймээс Та гэрээ байгуулсаны дараа, эсвэл хуваарийн дагуу төлбөр төлөх бүртээ дансандаа хүрэлцэхүйц хэмжээний үлдэгдэлийг байршуулсан байх хэрэгтэй. Мөн та Монгол Улсад суугаа өөрийн эцэг, эх, ах, дүү, хамаатан, найз нөхдөөр дамжуулан өөрийн дансандаа мөнгө хийж, улмаар шимтгэлээ төлөх бас боломж бий.

-Төрийн банкны дансаа хэрхэн мэдэх вэ?

-Та сайн дурын даатгалд хамрагдах гэрээ байгуулах хүсэлтээ илгээн, нийгмийн даатгалын байцаагч гэрээг тань баталгаажуулсан тухай мэйл ирсэн бол Таны Төрийн банкны дансыг систем автоматаар харуулна. Хэрэв дансгүй бол Төрийн банкны онлайн дансыг зааврын дагуу нээлгэнэ. Эсвэл Төрийн банкны лавлах 1800-1881 утсаар холбогдож, тусламж авна уу.

-Төрийн банк дахь дансанд шимтгэл төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний үлдэгдэл байхгүй бол хэрхэн мөнгө хийх вэ?

-Та олон улсын төлбөр тооцооны сүлжээ болох S.W.I.F.T-ийг ашиглан гадаадаас өөрийн дансандаа мөнгө шилжүүлсэнээр сайн дурын даатгалын шимтгэлээ төлөх боломжтой. Энэ тохиолдолд гадаад гуйвуулгын шимтгэл, хураамжийн зардлыг хэмнэх үүднээс шимтгэлээ хэд хэдэн сараар нь, нэг удаа дансандаа шилжүүлэн, тухайн төлбөр төлөх хуваарийн дагуу данснаасаа төлж байхыг Танд зөвлөж байна. (S.W.I.F.T-ийн талаар мэдээллийг энд дарж авна уу)

Мөн та Монгол Улсад суугаа өөрийн эцэг, эх, ах, дүү, хамаатан, найз нөхдөөрөө Төрийн банкны дансандаа орлого хийлгэж, улмаар шимтгэлээ төлөх боломж бас бий.

-Нийгмийн даатгалын дэвтэрийг хэрхэн нээлгэх вэ? Хэзээ авах вэ?

-Энэ үйлчилгээг Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс бүрэн хариуцан ажиллана. Таны сайн дурын даатгалын гэрээ баталгаажиж, та шимтгэл төлсний дараа энэ ажлыг хариуцсан эрүүл мэнд, нийгмийн даатгалын ажилтан нийгмийн даатгалын дэвтэр нээж, бичилтийг сар бүр хийж, мэдээллийн санд холбогдох мэдээллийг оруулна. Та Монгол Улсад ирсний дараа гэрээний эх хувь дээр гарын үсгээ зуран, нийгмийн даатгалын дэвтрээ хүлээн авна.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө орсон эсэхийг хэрхэн шалгах вэ?

-Энэхүү цахим системийн төлбөр төлөх хэсэгт шимтгэл төлөлтийн мэдээлэл авах боломжийг олгосон байгаа болно.

-Энэ үйлчилгээтэй холбоотой асуудлаар хэрхэн холбоо барих вэ?

Та saindurdaatgal@gmail.com цахим шуудангаар болон 976-11-341615 (ажлын цагаар) 976-99185040 гэсэн утсаар холбогдоно уу.


Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар