Дэлхийн ухаалаг гар утас үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Samsung” компани “Galaxy S” загварын ухаалаг гар утасны шинэ загварын нээлтийн арга хэмжээгээ ирэх хоёрдугаар сарын эцсээр Сан-Франциско хотноо зохион байгуулна.

“Samsung” компанийн мэдээлснээр, “Galaxy S10” ухаалаг гар утсыг хоёрдугаар сарын 20-нд Сан-Франциско хотын “Bill Graham Civic” цогцолборт олон нийтэд танилцуулах ажээ. Нээлтийн арга хэмжээнд гурван мянга гаруй сэтгүүлч болон “Samsung” компанийн түнш компаниудын төлөөлөгч оролцох юм байна.

Энэ удаагийн арга хэмжээний товыг урьд өмнөх арга хэмжээнүүдтэй харьцуулахад нэг долоо хоногийн өмнө болж байгаа бөгөөд тус компани нь энэ төрлийн арга хэмжээг ихэвчлэн Барселона хотноо зохион байгуулдаг байсан ажээ. Түүнчлэн Сан-Франциско хотод зохион байгуулж буй нь “Apple” компанийн төв байртай хамгийн ойр болж буй тохиолдол болох юм.

“Samsung” компани “Galaxy S3”-ийг олон нийтэд танилцуулах арга хэмжээг Лондонд, “Galaxy S4” болон “S8”-ыг Нью-Йоркт зохион байгуулж байжээ. 

“2019 онд “Galaxy” загварын утсуудыг олон нийтэд танилцуулж эхэлсний 10 жилийн ой тохиож байгаа ба Сан-Франциско хот нь чухал түнш компаниуд оршдог, технологи өндөр хөгжсөн хот юм” гэж “Samsung” компанийн төлөөлөгч хэлжээ. “Galaxy S10” загварын ухаалаг гар утсыг гуравдугаар сарын 8-наас дэлхий даяар худалдаалж эхлэх юм байна.

Ажиглагчдын таамаглаж буйгаар, “Samsung” компани “Galaxy S10” гар утсыг танилцуулан олны анхаарлыг татсаны дараа анхны ухаалаг эвхэгддэг гар утасны нээлтээ Барселона хот дахь “Mobile World Congress”-т хийж магадгүй ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Yonhap