Нью-Йорк муж өндөр настнуудаа халамжлах зорилгоор 800 гаруй робот худалдан авчээ.  Энэхүү "ElliQ" нэртэй роботыг Intuition Robotics компани үйлдвэрлэсэн бөгөөд 65-аас дээш насны ганцаараа амьдардаг ахмад настнуудад зориулан бүтээсэн  аж.

ElliQ нь Alexa, Siri зэрэг виртуал туслахтай төстэй ширээний төхөөрөмж юм. Үйлдвэрлэгч компанийн мэдээлж буйгаар тус роботтой хэрэглэгчид өдөрт дунджаар 20 удаа харилцаж, тусламж хүсэх гэнэ.

Тус робот эзэнтэйгээ ойр зуурын яриа өрнүүлж, эм уухыг сануулж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярихад холбож өгөх гэх мэт өдөр тутмын үйлдлүүдийг сануулж тусалдаг.

Ахмад настнууд роботын тусламжтайгаар ганцаардлаа даван туулж байна.

Таван жилийн өмнө судлаачид тэтгэврийн насны хүмүүсийн дунд нийгмээс тусгаарлагдах эмгэг эрс ихэссэн талаар онцлон дурдсан байдаг. Тэгвэл Ковид-19 цар тахлын нөлөөгөөр ганцаардсан ахмадуудын тоо өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн ажээ.

Ганцаардал хүний сэтгэл зүйд төдийгүй бие махбодид олон сөрөг нөлөөтэй. Тухайлбал өдөрт 15 ширхэг тамхи татаж, архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй дүйцэхүйцээр дархлааг сулруулж, эд эрхтнийг өвчлүүлдэг байна. 

Мөн сэтгэл гутралд орж нойргүйдэх, зүрх судасны хэмнэл алдагдах зэргээр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. The Gerontologist сэтгүүлийн 2018 онд хийсэн судалгаанд өндөр настнуудын ганцаардлыг даван туулахад туслах аргыг зөвлөсөн юм. Уг судалгаанд ганцаардал, стрессийг багасгаж, хүн хоорондын харилцааг сайжруулахад роботыг ашиглах нь үр дүнтэй гэж үзсэн байдаг. 

Энэхүү төхөөрөмж нь судалгаа, туршилт дээр үндэслэсэн гэдгээрээ давуу талтай. Нөгөө талаасаа өдөр тутамдаа өөрсдөд нь санаа тавих робот найзынхаа нөлөөгөөр бусадтай харилцсан мэт хуурамч төсөөллийн мэдрэмж төрүүлэх сөрөг нөлөөтэй. Ингэснээр хүн хоорондын харилцаа багасаж, бусадтай харилцах чадвар буурах магадлалтай гэнэ.

Зохион бүтээгчид нь уг роботоо зөвхөн хүнд туслах, мартсаныг сануулах зориулалттай гэдгийг онцлоод хүний харилцааг орлуулахаар бүтээгдээгүй хэмээн ярьжээ. Тиймээс өндөр настнуудын дотны хүмүүст хандаж дан ганц роботод найдалгүй, тэдэнтэйгээ өнгөрүүлэх цагаа багасгаж, анхаарлаа сулруулж болохгүйг онцлон хэлсэн байна.

Эх сурвалж: smithsonianmag.com