Б.Баясгалан
11 сарын 16, 2018
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод нүүрс тээвэрлэлттэй холбоотой нэлээд зөрчил, хүнд нөхцөл үүсээд буй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр “Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралт”-ын талаар мэдээлэл хийж, холбогдох байгууллагуудад шаардлага тавьж буйгаа мэдэгдлээ.
Мэдээллийн үеэр тэд "Гашуунсухайт боомтод замын маш хүндрэлтэй нөхцөл үүсээд байна. Энэ их оочер дугаараас болж тэнд 13 мянган жолооч, иргэд өлсөхдөө өлсөж, стрессдэж, эрүүл мэндээрээ нөхөж баршгүй хохирол амсаад байна. Зарим үед энэ хүмүүс амь насаа алдаж, зарим нь дугаарлалтаас залхаж хар замаас бууж шороон замаар явж байна. Том оврын машинууд шороон замаар явж газар эвдэхээр малчид хохирч, мөн бухимдаж байна. Төрийн удирдлагууд дээрээ хөлөө олохгүй үймэж байхад тэнд жолооч, малчдын хооронд сөргөлдөөн гарч болзошгүй байна.
Тавантолгойгоос Ганц модны боомт хүртэлх зам болох Гашуунсухайтын замд 42 жолооч амь үрэгдэж, 51 хүн хүндээр бэртсэн. Мөн 464 тээврийн осол бүртгэгдсэн.
Эдгээр тээврийн ослын 259 нь жолоочийн хариуцлагагүйгээс, согтуугаар жолоо барьсан 22, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд орсон 102, бусад тээврийн хэрэгсэлд шахуулж осолдсон 21 тохиолдол байна.
18, 19 настай хүүхдүүд мэргэжлийн жолооны үнэмлэх авчихсан тэнд жолоо бариад, аваар осол гаргаж буй тохиолдол олон байна. Уг нь 10 гаруй жил жолоо барьсан туршлагатай жолооч нарт энэ том тээврийн хэрэгслийг жолоодох эрх олгодог журамтай. Гэвч эдгээр зөрчлүүдийг хянадаг мэргэжилтэн, ажилтан байхгүй байна. Байгаа хэд нь хаанаа ч хүрэлцдэггүй.
Гашуунсухайтын зам маш их эвдрэлтэй. 239 км тус замыг хариуцдаг "Гашуунсухайт автозам" гэж компани бий. Тэд зөвхөн тус замаар машин явах бүрт мөнгө л хурааж авдаг. Хурааж авсан мөнгөөрөө замаа засварлах ч эрх байхгүй. Бүгдийг нь "Эрдэнэс тавантолгой" компанид шилжүүлдэг.
Нүүрс тээвэрлэдэг 106 компани байна. Тэдгээрийн 30 гаруй нь хариуцлагатай ажилладаг. Үлдсэн 100 гаруй компанид ямар ч хариуцлага байхгүй. Машинуудын аюулгүй, бүрэн бүтэн байдал, жолооч нарын эрүүл мэндийн асуудал зэрэгт ямар ч хяналт тавьдаггүй. Тэдэнд каймп ч байхгүй.
Эдгээр хүнд нөхцөл байдалтай холбоотойгоор бид шалгалт хийгээд гарсан үр дүн, нөхцөл байдлын талаар холбогдох яамд, АТҮТ, "Гашуунсухайт автозам", "Эрдэнэс тавантолгой" компани зэрэгт хүсэлт, албан бичиг хүргүүлсэн. Гэвч одоогоор хийж буй үр дүнтэй ажил алга.
"Эрдэнэс тавантолгой" компани замын догол зэргийг тойрч замаас гарснаас үүдэлтэй осол бүртгэгдээгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Энэ нь зам ямар ч гэмтэлгүй гэж буй л хэрэг байх. Зам бол үнэхээр хүнд байгаа.
Тиймээс бид дээрх шалгалтын дүнд үндэслэн дараах зүйлсийг шаардаж байна. Үүнд:
-Өнгөрсөн оны 10 дугаар сард гаргасан уртын урт тээврийг зогсоосон Засгийн газрын 320 дугаар тогтоолоо яаралтай сэргээхийг шаардаж байна. Тэгэхгүй бол үнэхээр болохоо байлаа.
-Мөн тээврийн компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна. Тэээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, инженер техникийн ажилтангүй, ХАБ-ийн мэргэжилтэнгүй компаниудын нүүрс тээвэрлэлтийн ажлыг зогсоо.
-Засмал замаар бус шороон замаар нүүрс тээвэрлэсэн жолоочийн эрхийг хасдаг болох.
-Гашуунсухайтын 239 км замыг яаралтай 2-5 км тутамд камертай болгохыг Засгийн газар Гашуунсухайт автозам компанид шаардаж хийлгүүлэх хэрэгтэй байна.
-АТҮТ нь шаардлага хангасан компани тээврийн хэрэгсэлд C зөвшөөрөл олгодог болмоор байна.
-Нүүрс олборлох, борлуулах үйл ажиллагаа явуулж буй уурхайн компаниуд тээврээ өөрсдөө зохион байгуулдаг болох хэрэгтэй.
-Ганц модны боомтод Монгол Улсын Элчин консулыг яаралтай байгуулах хэрэгтэй байна. Үгүй бол хил гараад л Монгол иргэдийн эрх ноцтой зөрчигдөж байна.
-Цагаан хад орчимд хүн эмнэлгийн салбартай болго. Өнөөдөр тэнд ганц багийн эмч ажиллаж байна. Гэтэл маш олон жолооч эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлага үүсч, эрүүл мэндээрээ хохирч байна. Үүнд Хүний эрхийн үндэсний комисс онцгой анхаармаар байна. Эдгээрийг холбогдох газруудаас шаардаж байна" хэмээн мэдэгдлээ.
Мөн тэд дээрх шаардлагуудыг Засгийн газар, холбогдох яам байгууллага, уурхайн компани, жолооч нар тусдаа тусдаа хэрэгжүүлээд ажиллачихвал Гашуунсухайтад үүсээд буй хүнд нөхцлийг багасгах боломж байна гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.