Пакистан улсын баруун өмнөд нутгийн Чагай дүүрэг дэх намын байранд гэмт этгээдүүд гар бөмбөг дэлбэлсний улмаас 25 хүн шархадлаа гэж тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

Балучистан мужийн Чагай дүүргийн Далбандин хотод байрладаг “Балучистан Авами” намын сонгуулийн байранд өнгөрсөн ням гарагийн шөнө нэр нь үл мэдэгдэх гэмт этгээдүүд гар бөмбөг дэлбэлсэн байна.

Цагдаа, аюулаас хамгаалах албаныхан болон аврах багийн ажилтнууд хэргийн газарт яаралтай ирж, шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд 5 хүний биеийн байдал хүнд байна гэж мэдээлэлд дурджээ. Аюулаас хамгаалах албаныхан дэлбэрэлт болсон газрыг хамгаалалтанд авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Долдугаар сарын 25-нд болох гэж байгаа бүх нийтийн сонгуулийн ажилд оролцож буй иргэдийг чиглэсэн халдлага ням гарагт хоёр удаа болсны нэг нь энэ болж байна. Харин эхний халдлага нь тухайн өдрийн өглөө Хайбер Пахтунхва мужид болж, мужийн ассамблейд нэр дэвшигч амиа алдсан байна. Уг халдлагыг үл таних амиа золиослогч этгээд үйлджээ.

Долдугаар сар гарснаас хойш сонгуульд нэр дэвшигчдийг чиглэсэн террорист халдлага нийт есөн удаа болсны улмаас наад зах нь 170 хүн харамсалтайгаар амиа алдаад байгаагийн дунд нэр бүхий гурван улс төрч байгаа юм. Үүний зэрэгцээ 200 гаруй хүн шархаджээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг