Сүүлийн сар гаруй хугацаанд Тавантолгой Гашуунсухайт нүүрс тээвэрлэлтэнд 150 км урт дараалал үүсч жолооч нар 15-20 хоног зам дээр саатаж нөхцөл байдал хүндэрсэн билээ.

Уг асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар энэ сарын 22 нд Баяннуур аймгийн холбогдох албаныхантай уулзалт хийгээд ирсэн байна. Энэхүү уулзалтын үеэр Өмнөговь аймгийн Засаг даргаас хилийн таталтын нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтыг ажиллах цагийн 21 цаг хүртэл сунгаж ажиллуулах, амралтын өдөр хэвийн ажиллуулах санал тавьсаны дагуу өнгөрсөн өдрүүдэд Гашуунсухайт боомт 21 цаг хүртэл болон амралтын өдрүүдэд ажилллажээ. Ингэснээр сүүлийн 20 гаруй хоног тус боомтоор  өдөрт 200-250 машин гарч байсан бол уржигдаас 500 гаруй машин нэвтрүүлж таталт нэмэгдсэн байна

БНХАУ-ын талаас хилийн боомтуудаар  тээврийн хэрэгслийг  нэвтрүүлэх ухаалаг систем суурилуулж байгаа бөгөөд 11 дүгээр сардаа багтаан дуусгахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн.

Тиймээс Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Цагаан хад дахь гэрээт цагдаагийн тасаг, 3 уурхайн удирдлага, тээврийн компаниудад  үүрэг чиглэл өгч,  урт дараалалд байсан 6000 гаруй машиныг замаас буулгаж Цагаан хад, Гаалийн хяналтын бүсүүдэд байрлуулах ажлыг зохион байгуулжээ.


Энэ ажлын хүрээнд нүүрс тээврийн зам болон Цагаан хаданд 23 цагдаагийн албан хаагчид хөдөлгөөний зохицуулалт, хэв журмыг сахиулан уртасгасан цагаар ажиллаж байна. Цагаан хаданд олон мянган хүний төвлөрөл бий болсон учраас аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Ханбогд сумын Засаг дарга захирамж гарган Цагаан хаданд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглоод байна.

Ингэснээр өчигдөр 17 цагийн байдлаар Тавантолгой уурхайгаас Цагаан хад хүртэл нүүрс тээврийн машины дараалалгүй болсон бөгөөд Цагаан хаданд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг дугаарлалтын дагуу хилээр нэвтрүүлэх бөгөөд жолооч нарыгаа амраах, аюулгүй байдал зэргийг тээврийн компаниуд хариуцан ажиллаж байгаа талаар орон нутгаас мэдээллээ.

Хүйтний улирал эхэлж буй энэ үед Засгийн газраас онцгой анхаарч 320 дугаар тогтоолоо сэргээж хэрэгжүүлэх шаардлагатайг жолооч нар хэлж байна.

Дашрамд дурдахад 150 гаруй км болсон урт дарааллыг багасгах зорилгоор Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарын шийдвэрээр уурхайнууд ачилтыг зогсоосон билээ. Ингэснээр Эрдэнэставантолгой, Энержи ресурс, орон нутгийн өмчит Тавантолгой гээд 3 уурхайн үйл ажиллагаа зогсож улмаар орлого буурч улсын болон орон нутгийн төсөв тасалдахад хүрээд байгаа юм.