Монголын анхны олимпийн медальтай эмэгтэй тамирчин, “Барселона-1992” зуны олимпийн хүрэл, “Бээжин-2008” олимпийн хүрэл медальт, гавъяат тамирчин Д.Мөнхбаярын "My way with olympic legends" спортын түүхэн замналын үзэсгэлэн өнөөдөр “Blue moon” үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.

Энэхүү үзэсгэлэн олимпийн медальтан болсны 25 жилийн ой, түүний зодог тайлах ёслолд зориулсан арга хэмжээний нэг юм. Үзэсгэлэнд гавъяат тамирчин Д.Мөнхбаярын тив дэлхийн дэвжээнээс авч байсан медаль, эгэл жирийнээс эхлээд амьдралынх нь тэмдэглэлт өдрүүд, ялалтын гайхалтай агшинг буулгасан гэрэл зургууд тавигджээ. 

"S-Sport Mongolia” Төрийн бус байгууллагын санаачлагаар хүндэтгэлийн тэмцээн, уулзалтыг зохион байгуулж байгаа ба дэлхийн буудлага спортын шилдгүүд болох Марияа Гроздева (Болгар), Ясна Секарич (Серби), Нино Салуквадзе (Гүрж) нар арга хэмжээнд оролцож байна..

Д.Мөнхбаяр гавьяат 2000 оны Сиднейн олимпод оролцсоныхоо дараа иргэншлээ сольж, Герман улсын иргэн болсон юм. Өнгөрсөн жил тэрбээр их спортоос зодог тайлахаар шийдсэнээ дуулгаж байсан билээ. Энэхүү үзэсгэлэн хоёр хоног үргэлжилнэ

Д.Мөнхбаярын спортын түүхэн амжилт:

-1992 оны Барселоны олимпод  25 метрийн спорт гар бууны дасгалд оролцон хүрэл медаль хүртэж, олимпийн медальт Монголын анхны эмэгтэй тамирчин болсон.

-2008 оны Бээжингийн олимпод  Германы улсын нэрийн өмнөөс 25 метрийн спорт гар бууны дасгалд цэц сорьж, олимпийн хошой хүрэл медалтан болсон.

Түүний эл медаль Герман улсын буудлагын спортын түүхэн дэх олимпийн анхны медаль байлаа. Эл олимпийн медалийн тавцанд Монголын хоёр мэргэн бууч болох О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нар хамт зогсож, монгол түмнээ баярлуулсан билээ.