ХБНГУ-ын парламент энэ зун иргэдээ орон нутгийн тээврээр сар бүр ердөө 9 еврогоор зорчих боломжийг олгох төлөвлөгөөг баталжээ.

ОХУ-ын Украинд түрэмгийлсэний дараа эрчим хүчний үнэ өссөн. Иймд иргэдийг дэмжих арга хэмжээний хүрээнд өнгөрсөн баасан гарагт энэхүү арга хэмжээг эцэслэн зөвшөөрөв.
Хямдралтай тасалбар нь Герман даяар бүс нутгийн галт тэрэг, автобусанд үйлчлэх бөгөөд 6, 7, 8-р сард худалдаанд гарах болно.

Засгийн газрын албаны хүмүүс "Энэхүү тасалбар нь байнга зорчдог хүмүүсийн зардлыг бууруулна. Мөн нийтийн тээврээр олон хүн зорчих нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлнө гэж найдаж байна. " хэмээн мэдээлжээ.

Харин Төмөр замын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс галт тэрэгний ачаалал хэтэрч, саатал, бухимдлыг бий болгоно гэж санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Германы засгийн газар мөн шатахууны татварыг гурван сарын хугацаанд бууруулж, нэг литр бензинд 30 орчим цент, дизель түлшний татварыг 14 центээр бууруулахаар төлөвлөсөн байна.

Шатахууны татаас нь иргэд нийтийн тээврээр зорчих магадлалыг бууруулна гэж эдийн засагчид анхааруулж байна.

Эх сурвалж: Euronews