БЕРЛИН./BBC/.Германы “Lilium” гэдэг гарааны компани 5 хүний суудалтай, жолоочгүй нисдэг таксийг олон нийтэд танилцуулсан нь дэлхий дээрх ийм төрлийн анхны техникийн бүтээл боллоо. 

Компанийн төлөөлөгчийн ярьснаар, таксины загварыг анх удаа туршиж үзэхэд уг такси бие даан эгц дээшээ хөөрч, агаарт тогтсоныхоо дараа газардсан байна. Цахилгаанаар ажилладаг уг аппарат цагт 300 км зайг туулах чадвартай гэнэ.

Өмнө нь хэд хэдэн компани ийм төрлийн аппаратуудыг туршиж байсан боловч суудлын тоо нь 2-оос илүү байгаагүй юм.

Lilium компанийг үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Дэниел Виганд ярихдаа “суудлын тоог 2-оос 5 болгож нэмэгдүүлэхийг бид үргэлж хүсч байсан. Энэ нь тэнгэрийн орон зайг илүү олон тооны аялагчдад нээж өгөх болно” гэлээ. Нисдэг таксийг ажиллуулахын тулд 36 цахилгаан хөдөлгүүр ашигласнаар эгц дээш хөөрч, эгц доош буух боломжтой болжээ.   

Нэг удаагийн цэнэглэлтээр нэг цагийн турш нисч чадах энэ таксийг дахин туршилтанд оруулах гэж байна. Уг таксийг 2020-иод оны дунд үеэс бөөнөөр нь үйлдвэрлэж эхлэх боломжтой гэж Lilium компани үзэж байгаа аж.  

Ийм төрлийн жолоочгүй нисдэг таксийг Airbus концерн, Uber компани болон зарим стартап компаниуд зохион бүтээн туршиж байгаа юм.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг