Амстердам, Роттердам хотууд нь амны хаалтны журам хэрэгжүүлсэн Голландын анхны хотууд болж байна. Уг журмын дагуу өнөөдөр буюу Лхагва гарагаас гудамж талбай, захуудаар явахдаа хүн бүр амны хаалт зүүсэн байх гэнэ.

Анхааруулах самбаруудыг өчигдрөөс Амстердам хотын хотын төвд байршуулсан ба амны хаалт зүүгээгүй иргэнийг 95 евро буюу 320 мянган төгрөгөөр торгох юм байна. 

Хүн олноор үйлчлүүлдэг дэлгүүр, худалдааны төвүүдэд ч амны хаалтыг 13-аас дээш насныхан бүгд зүүх ёстой болжээ. Амстердам хотын төв хэсгээр жуулчид ихтэй тул хүн хооронд зай барих журам бараг хэрэгжихгүй байгаа аж. Түүнчлэн улс даяар амны хаалтыг зөвхөн олон нийтийн унаанд суухдаа зүүсэн байх журам мөрдөгдөж байжээ. Үүнээс үүдэн дээрх хотуудад коронавирусийн халдварын тохиолдол ихсэж байгаа учир сэргийлэх арга хэмжээг маш эрчимтэй авч эхэлжээ. 

Өнгөрсөн долоо хоногт Голланд улсад коронавирусийн нийт 2.600 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо даруй 2 дахин их байв. Мөн өнгөрөгч долоо хоногт коронавирусийн улмаас 6 хүн нас барсан ба нийт халдвар авсан хүмүүсийн дөрөвний нэг нь 20-29 насныхан аж. 


Эх сурвалж: OÖNachrichten