П.Мөнгөнсор
09 сарын 03, 2026
Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн Өвөр шар хөв гэх газар суурьшлын бүсэд нэвтэрсэн 4 хүрэн баавгайг /1 эвш, 3 бамбарууш/ Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “Б” хэсгийн Эрээний нуруу хүртэл 57 км зам туулж хүргэжээ.
Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга, холбогдох албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааварчилгаагаар баавгайг зөөлөн тууж, амьдрах орчинд нь аюулгүй хүргэснийг тус БЦГ-аас мэдээлэв.
Иргэд баавгай харсан тохиолдолд ойртож зураг, бичлэг хийх, хоол өгөх, чулуу шидэх, нохой, морь, мотоцикл, авто машинаар хөөхгүй. Өөрсдөө барих, хордуулах, шархдуулах, хөөж бахардуулах нь амь нас, эрүүл мэнд болон зэрлэг амьтанд ноцтой эрсдэл учруулахыг сэрэмжлүүлж байна. Мөн баавгай харсан, мөр илэрсэн газарт ганцаараа зорчихгүй, хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй, бамбаруушид ойртохгүй, өглөө эрт, орой бүрэнхий, шөнийн цагаар онцгой сэрэмжтэй байж, нохойг сул тавихгүй, хоол хүнс, малын тэжээл, хог хаягдал, мах, загас, малын сэг зэмийг ил задгай байлгахгүй, баавгайтай таарвал гүйхгүй, тайван байж, гарах замыг нь хаалгүй аажмаар холдох нь зөв ажээ.

Баавгай харсан газар, цаг, хөдөлгөөний чиглэл болон боломжтой бол зураг, байршлын мэдээллийг аюулгүй зайнаас тэмдэглэж, сумын ЗДТГ, байгаль орчны байгууллага, хамгаалалтын захиргаанд мэдээлэх хэрэгтэй. Хэрэв баавгай таныг анзаарсан бол намуун, тогтуун дуугаар ярьж хүн гэдгээ мэдэгдээд, огцом хөдлөхгүй аажмаар ухарна. Баавгай ойртсон үед зугтахгүй, хоргодох газар ойр байвал тайван орно. Гэнэт цочсон эсвэл бамбарууш, идэш тэжээлээ хамгаалж дайрвал доош харж хэвтэн, хөлөө алцайлгаж, хоёр гараараа хүзүү, дагзаа хамгаалж хөдөлгөөнгүй байхыг зөвлөжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.