Номонд хайртай охин Нобелийн шагнал хүртсэн нь

Peak.mn
10 сарын 16, 2024

Өдгөө 54 настай зохиолч Хан Кан улсынхаа төдийгүй Ази тивийн анхны эмэгтэй Нобелийн шагналтан болж түүхэнд бичигдээд байна.  

2007 онд бичиж байсан “Цагаан хоолтон” нэртэй зохиолыг нь 2015 онд Английн орчуулагч Дебора Смит 10 орчим жилийн дараа англи хэлнээ орчуулж хэвлүүлсэн юм.  Түүний аавыг Хан Сын Вон зохиолч хэмээн Солонгост танигдсан нэгэн юм. Сонирхолтой нь Солонгосын хамгийн нэр хүндтэй уран зохиолын шагналуудын нэг болох И Сангийн утга зохиолын шагналыг хүртсэн аав охин хоёулаа авч байжээ.

Хэдийгээр түүний аав тийм ч чинээлэг нэгэн биш хэдий ч охиноо ном бүтээлээр дүүрэн гэрт өсгөсөн нь бичих эрдэмд дурлуулж өнөөгийн Нобелийн шагналтныг бүтээсэн гэлтэй.  

Энэ тухайгаа тэрбээр жилийн өмнө “The Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний хувьд ном гэдэг зүйл өөрийн хил хязгаараа тэлэхэд туслагч бараг л амьд оршихуй байсан. Байнга нүүдэл суудал хийдэг амьдралд минь намайг хамгаалдаг тэр бүх зүйл бол ном. Номуудынхаа ачаар тайван байж чадсан” хэмээн ярьжээ. 

Тэр сурагч байхдаа ч үлгэр жишээ, манлайлагч сурагч байв. Түүний сурагч ахуйн ангийн багш Бэ Юн Кён түүний тухайд “Тэр их хурц нүдтэй, үргэлжид л гүн бодолд автан суудаг охин байсан. Ангийн дарга хэдий ч чангаар бус чимээгүйхэн үлгэрлэдэг байсныг тод санадаг” гэжээ.


Кён 1993 онд Ёнсей их сургуулийг солонгос хэл, уран зохиолын ангийг дүүргээд алдарт Saemteo сэтгүүлд сурвалжлагчаар ажиллах хугацаандаа өөрийн хүсэл мөрөөдөлдөө автан зохиолоо бичиж эхэлжээ. 

1994 онд “Улаан зангуу” нэрт богино өгүүллэгээрээ Сөүлийн Шинмун гэх шинэ зохиолчдын уралдаанд түрүүлж, уран зохиолын салбарт анх хөл тавьсан байна. 

Хан Каны зохиолууд зөвхөн уран зөгнөлөөр бус маш нарийн судалгааны үндсэн дээр бичигддэг нь түүний бүтээлүүдийг амьтай болгодог аж. 

Зохиолч хүн өөрийн бичсэн зохиолдоо амьдарч байж бүтээлээ хүмүүсийн сэтгэлд хүргэж чаддаг. Тэрээр 2021 онд гаргасан “We do not part” гэх зохиолоо бүтэн долоон жилийн туршид бичсэн юм. Энэ зохиолд ихээхэн цас ордог учраас өөрөө ч их даарсан тухайгаа хэлсэн байдаг.  

Зохиолч бүсгүй 2016 онд өөрийн “Цагаан хоолтон” романаараа уран зохиолын төрөлд Ман Бүүкерийн шагнал хүртсэн нь түүний карьерт томоохон амжилтыг авчирснаар барахгүй тус ном нь энэ оны New York Times сэтгүүлийн “XI зууны шилдэг 100 ном” жагсаалтад багтсан юм.

Нобелийн хорооны дарга Андерс Олссон түүний тухайд “Тэр бие ба сүнс, амьд ба үхэгсдийн хоорондох уялдаа холбоог өвөрмөцөөр сэтгэж, өөрийн яруу найргийн хэв маягаараа орчин үеийн зохиолд шинийг санаачлагч болж байна” хэмээн ярьсан байдаг. 

Түүнийг Нобелийн шагнал авсанд Солонгос төдийгүй Ази даяар баярлаж байгаа бөгөөд Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Юн Сок Ёль өөрийн цахим хуудастаа түүнд талархаж буйгаа илэрхийлж “Та бидний түүхийн гашуун шарх сорвийг уран зохиолын агуу бүтээл болгон туурвилаа” хэмээн бичсэн байна.
 


Бэлтгэсэн: Н.Жавхлан

Эх сурвалж: britannica.com

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.