Их Британи болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойг Эрдэнэт, Дарханд тэмдэглэнэ

Х.Оргил
02 сарын 14, 2019

Их Британи болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хаалтын хүрээнд Британийн Элчин сайдын яам нь тус улсын технологи, боловсролын салбарыг онцлон таниулах арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

‘’Улаанбаатар Төмөр Зам’’ ХНН-тэй хамтран Улаанбаатар-Сэлэнгэ; Улаанбаатар-Замын-Үүд зэрэг чиглэлийн галт тэргийг Британи, Монголын далбаагаар чимэн 2-р сарын 19-21-ны өдрүүдэд хөдлөх гэж байна. Энэхүү өдрүүдэд Дархан хотод боловсролын өдөрлөг, Эрдэнэт хотод Британийн уул уурхайн технологи, тоног төхөөрөмжийн компаниудыг танилцуулах, цаашид хамтран ажиллах боломжуудыг нээх талаар уулзалт зэргийг хийх юм.  

Монгол улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон хэлэхдээ,

“Бид 55 жилийн ойн баярын хаалтыг орон нутагт хийх болсондоо баяртай байна. Тус арга хэмжээгээр дамжуулан бид Британийн технологийн чадавхийг Монголын уул уурхайн салбарт таниулж, Монголын залуусд дэлхийд боловсролын салбараараа тэргүүлэгч манай улсад хэрхэн суралцах боломжтой болон Британийн ЗГ-ийн Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг уриалан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тус арга хэмжээнд зориулан Сэлэнгэ болон Замын-Үүдийн чиглэлийн галт тэргийг найрамдалт харилцааны бэлгэдэл болгон хоёр орны далбаагаар өвөрмөц байдлаар чимж байгаа нь Их Британи улс Монгол Улстай илүү инновацлаг, далайцтай байдлаар харилцаж буйн илрэл болно гэж найдаж байна.’’ хэмээн онцлов. 

Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль дээр  2-р сарын 20-ны өдөр болох ‘’Британи Боловсролын Нээлтэй Хаалга‘’ өдөрлөгт дараах байгууллагууд оролцоно. Үүнд:

  • ESP Mongolia- Англи хэлний IELTS шалгалтын албан ёсны төв 
  • Succedu
  • Study UK 

Мөн Британийн Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг ЭСЯ-ны мэргэжилтэн өгөх болно. 


Холбоотой сэдвүүд

дипломат харилцаа их британи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.