Ханги боомтоор их хэмжээний дэрвэгэр жиргэрүүг хил нэвтрүүлэхээр завдсан хэрэг өнгөрсөн сарын 29-нд гарчээ. Нийт 571 кг ховор ургамлыг хил нэвтрүүлэх гэж байсныг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлсэн байна.

Тодруулбал Дорноговь аймгийн харьяат М, Г нар тээврийн хэрэгсэлдээ олон шуудай дэрвэгэр жиргэрүү нуусан байжээ.        

Дэрэвгэр жиргэрүү нь манай орны ховор ургамлын жагсаалтад орсон эмийн болон хүнсний ач холбогдолтой. Хятад, Солонгост уг ургамлыг хүн орхоодойн оронд орлуулж хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эм үйлдвэрлэдэг учраас эрэлт ихтэй байдаг.

Дэрэвгэр жиргэрүү хязгаарлагдмал нөөцтэй ч түүхгүй ганц хоёр жил өнжөөхөд л сэргээд ургачихдаг. Мөн экосистемд чухал үүрэгтэй, газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой ургамал юм. 

Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны тушаалаар дээрх ховор ургамлыг түүж бэлтгэхийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл түр хориглосон юм. Гэсэн хэдий ч хууль бусаар гаргах оролдлого энэ мэтээр тасрахгүй байна.