“Bloomberg” агентлагийн шинжээчид 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй улс төрийн гол аюулуудын жагсаалтыг гаргажээ.

“Bloomberg”-ийн шинжээчид хамгийн том эрсдэлээр Вашингтон болон Бээжингийн худалдааны дайныг нэрлэсэн байна. Хэрэв Трамп сүрдүүлгээ биелүүлж, Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хэмжээг нэмэгдүүлбэл, тус улсын ДНБ-ий өсөлт 2019 онд 1.5 хувиар буурна. “Хэдийгээр Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр түр эвлэрсэн ч энэ маргаан урт хугацаанд үргэлжлэх эдийн засгийн хүйтэн дайны эхлэлийг тавьж магадгүй” гэж “Bloomberg”-ийн шинжээчдийн нийтлэлд дурдсан байна.

Италийн эрх баригчид болон Европын Холбооны /ЕХ/ удирдлагууд хооронд үүссэн төсвийн зардлын талаарх маргаан дэлхийн эдийн засагт мөн сөргөөр нөлөөлж болзошгүй. Үүнээс гадна, Италийн эрх баригч эвсэл доторх санал зөрөлдөөн эдийн засагт эрсдэл учруулж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Түүнчлэн Их Британи ЕХ-ноос гарах нь ноцтой эрсдэл дагуулахаар байна. 

2019 онд дэлхийн эдийн засагт учирч болзошгүй эрсдэлүүдийн тоонд мөн АНУ-ын Ардчилсан намын хяналтаа тогтоосон Төлөөлөгчдийн танхим, Бүгд найрамдахчууд олонхын суудал эзэлдэг Сенатын танхим болон АНУ-ын Ерөнхийлөгч хоорондын маргаан, хэд хэдэн оронд болох гэж буй сонгуулиуд, Иран болон Саудын Арабтай хийж буй АНУ-ын харилцаатай холбоотойгоор өөрчлөгдөх нефтийн ханшийн хэлбэлзэл, мөн Азид мөргөлдөөн гарах зэргийг оруулжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti