Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яам АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Хариуцлагатай аялал” нэртэй олон нийтэд хандсан аяныг эхлүүллээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлснээр 2016 онд жуулчлал болон бизнесийн зорилгоор аялсан Монголчуудын бараг 8 хувь нь зөвшөөрөгдсөн хугацаагаа хэтрүүлсэн бол оюутан сурагчдын 20 хувь нь хөтөлбөр дууссан ч тэндээ үлдсэн байдаг. Мөн аялж байгаа Монголчуудын 3/1 хувь нь визний ангилалд нь зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаагаа явуулах буюу ажил эрхэлдэг гэсэн баримт бий.
Америкийн элчин сайдын яам энэ аяныг хэрэгжүүлснээр нэг хүний хариуцлагагүй, хувиа хичээсэн үйлдэл бусад хүмүүст ямар сөрөг үр дагавар авчирч болохыг анхааруулахыг зорьсон юм гэлээ. Хэрвээ хариуцлагатай хууль ёсыг даган аялвал цаашид Америк руу аялагчдын тоог нэмэх сонирхолтой байгаа гэдгийг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт хэлжээ. 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ “Үе үеийн засгийн газар аль болох олон оронд монголчуудаа визгүй зорчуулах зорилго тавьж ирсэн. Ирэх сараас АНУ-ын Элчин сайдын яам монголчуудад H2 виз олгох тухай асуудлыг хэлэлцэж байгаа" гэв. Энэ бол мэргэжил онцгой шаарддаггүй хөдөлмөр түр эрхлэхийг зөвшөөрсөн виз юм.